ОБЕГ-аас өнөө өглөө мэдээлснээр улсын хэмжээнд асч буй түймэр байхгүй, гурван газарт гарсан түймрийг цурманд оруулаад байгаа юм байна. Тухайлбал:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарчээ. Долдугаар сарын 8-ны өдөр гарсан түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын 42 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын есөн албан хаагч, нийт 51 хүн, таван техник хэрэгсэлтэй ажиллаж, долдугаар сарын 26-ны өдөр цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа ажээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Тайлч” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т/ наадмын өдрүүдэд ойн түймэр гарсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч наадмаас хойш ажилласаар долдугаар сарын , 27-ны өдөр цурманд оруулсан бөгөөд одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Дуганы горхи” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км-т/ долдугаар сарын 26-ны өдөр ойн түймэр гарч, аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 16 иргэн түймэр унтраахаар ажилласан байна. Тэд өчигдөр 16.00 цагт түймрийг бүрэн унтраажээ.
М.СУРА