Булган аймгийн Гурванбулаг суманд өчигдөр /2017.07.28/ түймрийн голомтод ажиллаж буй хүмүүсийг эргэхээр явж байхдаа машинтайгаа онхолдсон хэрэг гарчээ. Осолд орсон хүмүүс тус сумын Хөгнө багийн “Устын-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ хээрийн түймрийг манаж байсан орон нутгийн 17 хүнийг эргэх зорилгоор явж байжээ.
Ослын дуудлагын дагуу Ссумын Засаг даргаар ахлуулсан таван хүн газар дээр нь очиж, осолд орсон хүмүүст тусалсан байна. Машинд 26-50 насны эрчүүд явж байжээ. Тавуулаа их бага хэмжээгээр гэмтсэн тул Рашаант сумын эмнэлэгт хүргэж өгчээ.
Төмөр хийцэд хавчуулагдан өөд болжээ
Мөн Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багийн нутаг “Цагаан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 30км-т/ Улаанбаатар-Говь-Алтай аймгийн Шарга сумын чиглэлд зорчиж явсан Хово машин онхолджээ. Машинд явсан гурван иргэн төмөр хийцэд хавчуулагдаж, өөд болжээ. Машины ангид хавчуулагдаж нас барсан хүмүүс /2 эрэгтэй, 1 эмэгтэйн нэр, нас, хаяг одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Хэргийг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлжээ.
Д.ЦЭЭНЭ