Дархан аварга Д.Цэрэнтогтоход зориулж хөшөө босголоо

Хуучирсан мэдээ: 2017.07.28-нд нийтлэгдсэн

Дархан аварга Д.Цэрэнтогтоход зориулж хөшөө босголоо

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Италийн архитектор Карло Сантаброжиогийн загвараар бүтээгдсэн энэхүү шилэн байшингийн хана, тааз, шал, шат, хаалга гээд голлох бүх зүйл шилээр бүтээгдсэн юм.

    Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хот үүсэн байгуулагдсаны 290 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ ойд зориулан босгосон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан аварга Д.Цэрэнтогтох агсны хүрэл хөшөөний нээлтийг өнөөдөр /2017.07.28/ хийж, Өвөрхангай аймгийн спортын төв ордныг түүний нэрэмжит болголоо. 

    Томдсон малгай, гутал өмссөн дөрвөн жаалаар хүрээлүүлж зогссон хүрэл өнгөтэй хөшөө бол улсад дөрөв түрүүлж, таван удаа үзүүрлэж, 21 удаа шөвгөрсөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Д.Цэрэнтогтох агсаных. Хүү төрвөл дандаа бөх болоорой гэж  билэгшээдэг монголчуудын билэгдлийг бодож, аймгийнхаа нэрийг дуурсгасан бөх олноор төрөөсэй гэж ерөөн, өвөрхангайчууд ийн дөрвөн бөх хүүгээр хүрээлэгдсэн Д.Цэрэнтогтох агсаны хөшөөг хүрэлээр цутгаж босгожээ. Дөрвөн хүүгийн хөшөөг нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум буюу талийгаач аваргын төрсөн нутгаас боржин чулууг авчирч сийлсэн аж. 

    Хөшөө нь 5.7 метр өндөр, суурьтай. Мөн Д.Цэрэнтогтох аваргын ид залуудаа барилдаж, улсад анх түрүүлж байсан үеийн зургийн дүр төрхөөр бүтээснээрээ онцлог юм.

    Д.Цэрэнтогтох агсны дурсгалын хөшөөний нээлтэд Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын  гишүүд болон гэр бүл, багш, найз нөхөд, шавь нар оролцож, сэтгэлийн үгээ хэлсэн юм. 

    Д.Цэрэнтогтох агсны эхнэр О.Отгон ‘Ханийн минь хөдөлмөрийг үнэлж, хөшөөг нь босгосон нутгийн удирдлагууддаа маш их баярлалаа. Нутгийнхаа нийт зон олон, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга С.Чинзориг болон бусад бүх хүмүүст маш их баярлаж байна. Ханийн минь хөдөлмөрийг үнэлж, хөшөөг босгож байгаад туйлын их баяртай байна. Өвөрхангайчууддаа ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

    Мөн энэ жил манай сумын 290 жилийн ой тохиож байгаа. Төвийн бүсийн наадамдаа шандаст хүлгүүд нь хурдан, хүчит бөхчүүд нь хүчтэй, сум нь мэргэн байж, сайхан наадаарай.’ гэв.

    Өвөрхангай аймгийн начин, хүү Ц.Базаррагчаа ‘Аавын ажил үйлсийг мөнхөлсөнд баяртай байна. Аавын ажил үйлсийг нь мөнхөлж хөшөө босголоо. Нутгийн зон олон, аймгийн Засаг дарга болон УИХ-ын гишүүд гэх зэрэг маш олон хүний хүч хөдөлмөр, дэмжлэгтэйгээр энэхүү хөшөө боссон. Энэ сайхан ажлыг санаачлан ажил хэрэг болгосонд гэр бүл, үр хүүхдүүд нь маш их баяртай байна. Аавын минь үйлсийг залгах олон сайхан бөхчүүд Өвөрхангай аймгаас төрнө гэж бодож байна’ хэмээв. 


    Ч.Дамдиншарав: МИНИЙ ШАВЬ САЙН БӨХ, САЙН ДАСГАЛЖУУЛАГЧ БАЙСАН

    ‘Би 1970 онд Батлах хамгаалах яамны харьяа “Алдар” нийгэмлэгийн дасгалжуулагч байлаа. Тухайн үед их аваргаа ийм том аварга болно гэж бодолгүй санаандгүй уулзсан түүхтэй. Зүүнбаянгийн цэргийн ангиас манай албанд өндөр туранхай хүүхэд ирсэн. Би тэр үед “Алдар” нийгэмлэгийн дасгалжуулагчаар ажиллаад нэг жил болж байсан болохоор түрүүлж шавиа болгосондоо их олзуурхаж байлаа. Бид маш олон жил бөхийн торгон ногоон дэвжээнд жаргал, зовлонгоо хуваалцан олон жилийг хамтдаа туулсан. 

    Д.Цэрэнтогтох Монгол Улсдаа төдийгүй дэлхийд эх орныхоо нэрийг дуудуулсан түүхэн хүн. Миний шавь зөвхөн сайн бөх, сайн дасгалжуулагч байсан. Учир нь түүний олон шавь нар бөхийн ногоон дэвжээндээ гарч, ард түмнээ баярлуулсаар байна.’ гэж Монгол Улсын гавьяат тамирчин, Ардын багш Ч.Дамдиншарав аварга шавийгаа ийн дурсан ярилаа. 

    ‘Өвөрхангай аймгаас олон сайхан түүхэн хүмүүс төрөн гарсан. Олон сайхан алдартай бөхчүүдийн өлгий нутаг. 

    Д.Цэрэнтогтох аваргыг амьд сэрүүнд нь хөшөөг нь босгоё гэж өөртэй нь санал солилцож, зөвшөөрөл авч байсан юм.  Гэхдээ бид аваргыгаа амьд сэрүүнд нь хөшөөг нь босгож амжаагүй. Аваргыгаа бурхан болсны дараа хөшөөг нь босгох ажлыг шуурхайлж, өнгөрсөн жилийн хавар Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлөөс санаачилж, хөшөөнийх нь их загварыг гаргаж байсан юм. Хөшөөнийх нь их загвар Өвөрхангай аймгийн уугуул залуу н.Оргил гаргаж, нутгийн залуучуудтайгаа нийлж хөшөөг нь цутгаж, нэг жилийн хугацаатай хийсэн. Аваргын ташаагаа тулсан зогссон зураг их тархсан байдаг. Олон түмний мэддэг ташаагаа тулсан дүрээр нь хөшөөг нь босгоё гэж, анхны зургийг нь гаргасан. Багшаас нь, нэг нутгийн алдар цуутай бөхчүүдээс нь зөвлөгөө авсан. Талийгаач аваргын онцлогыг гаргая гэж хань, үр хүүхдийнх нь саналыг сонссон. Талийгаачийн хань Отгон эгч аваргыг дэвж байгаагаар хөшөөг нь хийе гэсэн санал гаргаад, бид энэ саналыг нь хүндэтгэн хүлээн авч дэвж буйгаар Д.Цэрэнтогтох аваргынхаа хөшөөг хийж, ийн босголоо.’ хэмээн УИХ-ын гишүүн, Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Чинзориг ярилаа. 

    Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга С.Чинзориг

    Угсраа олон мэхний хувилбар, уран хурц барилдаанаараа гайхагдаж, бөхийн төгс бие галбираар сод төрсөн хүмүүсийн нэг бол Халхын их хүчтэн Дашдоржийн Цэрэнтогтох хэмээн бөх судлаачид тодорхойлдог. ‘Хоёр Мөнх”-ийн араас залгаж гарч ирсэн хоёр хүчтэн бол Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар наргэдгийг бөх судлаач, бөхийн тайлбарлагч Б.Цогтбаатар нэгэнтээ тодотгон ярьсан билээ. Тэрбээр ‘Д.Цэрэнтогтох их аварга нь хувь хүнийхээ талаас цөлх монгол ухаантай, бөхийн ёс жудаг, эрэмбэ дарааг машид баримталж хадгалж ирсэн. Гүйлгээ ухаан сайтай, сэргэлэн гярхай хүн байсан. Тэр нь барилдаанд нь нөлөөлдөг байж. Уран дайчин, иртэй зоримог барилдаан гаргаж байж л “Хоёр Мөнх”, Хадаа, Дагвасүрэн, Мөнгөн гээд тэр олон хүчтэнүүдийн дундаас цойлж гарч ирнэ шүү дээ. Далан найман онд дархан аварга Д.Дамдингаар долоо, Х.Баянмөнхөөр найм, Ж.Мөнхбатаар ес давж түрүүлэн улсын арслан цол хүртэхэд нь Цэдэнбал дарга “Хүү минь чи хаанаас гэнэт ингээд гараад ирэв дээ” гэж гайхсан, эргэлзсэн, баярласан байртай асууж байсан гэдэг. Үнэхээр Цэрэнтогтох аварга бол далаад оны дунд үеэс монгол бөхийн дэвжээнд дуулиан шуугиантай гарч ирсэн. Түүний барилдааныг харах гэж, тухайн цагт хэнбугайд ч тахимаа өгч, элэг бүсээ тайлаагүй байсан хоёр Мөнхтэй хэрхэн барилдахыг нь үзэх гэж наадамчин олон тэсэн ядан хүлээдэг байсан. Мөнхбат, Баянмөнхийн дархан хаанчлалыг зогсоосон хүн бол Цэрэнтогтох аварга шүү дээ.’ хэмээн онцолжээ. 
     

     

    Д.УЛАМБАЯР

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж