Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ багийнхан өнөөдөр МХБХ-ны талбайд нээлттэй бэлтгэл хийлээ. Азийн хөлбөмбөгийн холбооны “Challenge Cup” тэмцээний сонгон шалгаруулах тоглолт ойртсон тул цаг агаарын байдлаас шалтгаалан -20 хэмээс доош байвал талбайн бэлтгэлээ базааж байна. Үүний хажуугаар УБДС-ийн зааланд долоо хоногт 6-7 өдөр бэлтгэлтэй байгаа. Шигшээ багийнхан энэ сарын 29-нд БНХАУ-ын Гуандун мужийн Гуанжоу хотод очиж, 10 хоногийн бэлтгэл, тоглолт хийгээд цааш Филиппинийг зорьж, “Challenge Cup”-ын эхний тоглолтоо хийх юм. Гуанжоу Филиппинтэй цаг агаарын хувьд тун төстэй тул ихээхэн давуу байдал олгож байна. Багийн тамирчдын ихэнх нь оюутан, зарим нь ажилтай болохоор бэлтгэл хийхэд хүндрэлтэй зүйл учирч байсан. Харин бүгд гуравдугаар сарын 15 хүртэл чөлөөлөгдөөд, ямар нэгэн асуудалгүйгээр бэлтгэлдээ анхаарлаа хандуулж байна. Сонирхуулахад, МХБХ-ны удирдлага хуралдаж, тоглолтын өмсгөлийн загвар, өнгөө өөрчилжээ. Төрийн далбааны өнгөний дагуу улаан футболк, цэнхэр шорт, улаан оймстой болсон бөгөөд гуравдугаар сарын 15-нд Улаанбаатарт болох тоглолтод анх удаа өмсч тоглох аж.
С.Цэлмэг