Хойд Солонгосын өнөөгийн удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Намын үхэлд буруутгагдаж буй хоёр эмэгтэйн хэргийг шүүх ажиллагаа ирэх 10-р сарын 2-ны өдөр болно гэж Малайзын дээд шүүх шийдвэрлэжээ.
Ким Чен Нам нь өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд Куала –Лумпурын нисэх онгоцны буудлаас эмнэлэг хүргэгдэж байхдаа нас барсан. Цагдаа нар түүний арьснаас химийн зэвсгийн тухай олон улсын конвенцээр хориглосон VX гэх бодисыг илрүүлсэн ажээ.
Хэргийг мөрдөн шалгах явцад Малайзын Засгийн газар Индонезийн иргэн 25 настай Сити Айсиа болон Вьетнамын иргэн 29 настай Доан Тхи Хуонгийг сэжиглэн баривчилсан. Хэрвээ тэд үнэхээр Ким Чен Намын үхэлд буруутай гэдэг нь тогтоогдвол цаазын ял авах юм байна.
Хууль сахиулах байгууллагынхан Хойд Солонгосын хэд хэдэн иргэнийг энэ хэрэгт холбоотой гэж үзэн нэг дипломат болон хойд солонгосын Air Koryo нислэгийн компанийн ажилтанд баривчлах тушаал хүргүүлэв. Мөн Малайз улс тус улсын элчин сайд Кан Чхолийг эх орноосоо хөөсөн ажээ.
Үүнтэй холбоотойгоор, Пхеньян мөн адил арга хэмжээ авсан юм.
Бэлтгэсэн: Ц.УРАН