“LEAD Mongolia” хөтөлбөрийн оролцогчдын бүтээсэн “Ажилд хүрэх зам” богино хэмжээний баримтат киноны нээлт өнөөдөр /2017.07.28/ болох гэж байна.
Энэхүү бүтээлд нийгмээс гадуурхагддаг иргэдэд ажилд ороход нь тулгарч буй саад бэрхшээл хийгээд аж ахуйн нэгжүүд ажилд авахдаа бүх нийтэд хүртээмжтэй байх нэн шаардлагатай байгаа тухай өгүүлэх гэнэ.
“Ажилд хүрэх зам” баримтат кино нь LEAD Mongolia хөтөлбөрийн “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах” багийн 11 залуусын санаачлан хэрэгжүүлсэн төсөл юм.
Уг бүтээлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийг төгсөгч, хөдөө орон нутгаас хотод шилжиж ирсэн бүсгүй хэмээх гурван өөр иргэний ажил хайж буй тухай түүхийг өгүүлнэ.
Бүтээлийн талаар багийн гишүүн Б.Ариунсанаа “Манай нийгэмд эдгээр бүлгийн хүмүүсийг буруугаар ойлгох нь элбэг. Тэд ажил олж чадахгүй байгаа нь Монголын ажил олгогчдод ийм олон иргэдийн авьяас чадлыг ашиглалгүй орхиж буй гэсэн үг. Ажилд хүрэх зам киногоороо бид киноны дүрүүдтэй адил нөхцөлд буй залууст урам зориг өгөх, ажил олгогч нарт ажилд авахдаа бүх нийтэд хүртээмжтэй байхын чухлыг ойлгуулна хэмээн найдаж байна” гэлээ.
Кино 40 минут үргэлжлэх бөгөөд дараа нь ажилгүйдэл, ядуурал, бүх талын оролцоо зэрэг сэдвээр салбарын мэргэжилтнүүдтэй хэлэлцүүлэг өрнүүлнэ. Киноны нээлт Төв Хаан банкны театрт 18.30 цагаас ганц удаа болох бөгөөд үнэ төлбөргүй, сонирхсон иргэдэд нээлттэй байх гэнэ.
Г.Түшиг