Засгийн газар ирэх сард 18 тэрбум төгрөгийн, гурван төрлийн үнэт цаас арилжих юм байна. Тус бондын хоёр нь хямдарсан, нэг нь үндсэн үнээрээ арилжаалагдах аж. Эхнийх нь гурван сарын хугацаатай, зургаан тэрбум төгрөгийн үнэтэй бонд байна. Үүний хямдарсан үнэ нь 97.400 төгрөг бөгөөд 11.6 хувийн хүүтэй. 39 долоо хоногийн хугацаатай бонд мөн адил 100 мянган төгрөгийн үндсэн үнээс 91.953 төгрөг болж хямдарна. Тус бонд нь жилийн 11.7 хувийн хүүтэй, долоон тэрбум төгрөгийн үнийн дүнтэй юм байна.
Хоёр жилийн хугацаатай жилийн 13.7 хувийн хүүтэй таван тэрбум төгрөгийн бондын нэгжийг нь 100 мянган төгрөгийн үндсэн үнээр арилжих болжээ.
Сангийн яаманд хоёр хоногийн өмнө 3.3 тэрбум төгрөгийн 33.042 ширхэг үнэт цаас худалдан авах захиалга ирснийг 100 хувь нийлүүлсэн байна. Тус бонд 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 11.7 хувийн хүүтэй. Энэхүү арилжаанд үнэт цаасны дөрвөн компани оролцсоноос “БиДиСек” компани хамгийн их буюу 16.353 ширхэг үнэт цаас худалдан авчээ.
Г.ХОРОЛ