Японы Батлан хамгаалахын сайд Томоми Инада өнөөдөр /2017.07.28/ огцрох хүсэлтээ Ерөнхий сайд Шинзо Абэд өгсөн гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн Японы энхийг сахиулагчдын өдрийн тэмдэглэлийг устгах тушаал өгсөн хэрэгт нэр холбогдоод байгаа ажээ.
Огцрох хүсэлт гаргасантай холбоотойгоор Инада хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ хурлын үеэр тэрбээр энхийг сахиулагчдын тэмдэглэлийг устгах тушаал өгөөгүй. Гэхдээ яамны шалгалтын үр дүнтэй танилцаад огцрохоор шийдсэн гэдгээ зарласан юм.
Өнгөрсөн жилийн намар Японы сөрөг хүчний нам Батлан хамгаалах яамнаас энхийг сахиулагчдын тэмдэглэлийг үзүүлэхийг шаардсан. Энэ үед Батлан хамгаалах яам тэмдэглэл устгагдсан гэх мэдээллийг өгч байв. Гэхдээ дуулиантай холбоотойгоор, шалгалт явуулахад Батлан хамгаалах яамны захиргааны хэсэгт тус баримт бичиг олджээ. Энэ хэргийг тайлбарлахдаа, баримт бичиг цахим хэлбэрээр хадгалагдаж байсан. Ил болгох гэсэн боловч өмнөх мэдүүлэгтэй зөрчилдөж байсан учир устгах гэж байсан гэв. Гэхдээ Инада дээрх баримт бичгийг устгах тушаал өгөөгүй гэсэн тайлбарыг хийв.
Энэ бол Японы батлан хамгаалахын сайд Инадагийн нэр холбогдсон ганц хэрэг биш. Тэрбээр 13 жилийн өмнө хувийн боловсролын байгууллагын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа луйврын газартай холбоотой хэрэг болон улсаас хууль бус татаас авсан хэрэгт тус тус холбогдож байсан билээ.
Бэлтгэсэн: Ц.Уран