Тоосонд даруулсан хоёр жил

Хуучирсан мэдээ: 2017.07.28-нд нийтлэгдсэн

Тоосонд даруулсан хоёр жил

Америкийн алдартай реалити шоуны од Ким Кардашьян Playboy сэтгүүлийн 2007 оны нэгэн дугаарт зургаа тавих гэж байсан нууцаа өөрийн Twitter-ээр зарлажээ.

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

21 дүгээр хорооллоос баруун зүгт хуучнаар авто сургуулийн автобусны буудал орчим амьдарч буй айл өрх, түүгээр зорчин өнгөрдөг иргэд тоосон дунд дарагдаад хоёр зуныг үзэж байна. Толгойтын гүүрээс 21 дүгээр хорооллын уулзвар хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил саатсантай холбоотой юм. 

Өнгөрөгч оны хавраас эхэлсэн уг зам засварын ажил саатах болсны учрыг тодруулахаар холбогдох хүмүүстэй уулзаж тайлбар авлаа.

Засварын ажлыг “Тотал Инж” гэх компани хариуцан, гүйцэтгэх ёстой юм байна. Нийт 3.6 км авто замыг шинэчлэн барих ёстойгоос одоогийн байдлаар 400 гаруй метр орчим зам засварын ажил нь газар чөлөөлөлт саатсаны улмаас зогсож, ухсан нүх, овоолсон шороо, цагаан тоос боссон гудамж болон хоцорчээ. 

Тухайн 400 метр хэсэгт зочид буудал, шатахуун түгээх станц газар хоёр байрлаж байгаа юм. Ердөө хоёрхон аж ахуйн нэгж газраа чөлөөлөөгүйн улмаас одоог хүртэл зам засварын ажил үргэлжлэх боломжгүй болсон талаар замын компанийн ажилчид хэлж байна. 

“Тотал Инж” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Анхбаяраас бид энэ тухай тодруулахад “Нийт 3.6 км замын зорчих хэсгийг 14 метр өргөн, хоёр талдаа 2.8 метр явган хүний зам, гэрэлтүүлэг, гүүр, борооны ус зайлуулах шугам зэргийг шинээр барьж, засварлаж буй бүрэн цогц ажил байгаа юм. Өмнөх жил санхүүжилтээс болж засварын ажил хойшилсон. Тухайлбал, улсын төсөвт 3.4 тэрбум төгрөг суучихсан байсныг бид урьдчилгаа маягаар аваад ажлаа гүйцээх ёстой байсан. Гэтэл бид өөрсдийн 8 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр ажил хийчихээд байдаг, улс мөнгөө өгдөггүй. Үүнээс болж он дамжсан асуудал үүслээ. 

Дээрээс нь ямар ч газар чөлөөлөлтийн ажил хийгдээгүй. Ажлынхаа дарааллыг бодоод үзвэл эхлээд газар чөлөөлөлт нь хийгдчихсэн, зам нь чөлөөтэй байж ажил хийгдэх ёстой. Одоогоор газар чөлөөлөлт хийгдээгүй байгаа учир тухайн 400 метр хэсгийн ажил зогсчихоод байна” гэлээ.

Тухайн хэсэгт байрлах зочид буудал болон шатахуун түгээх станц газраа таталгүй удааснаас болж уг зам засварын ажлын гэрээ энэ оны аравдугаар сарын 31-ийг хүртэл сунгагджээ. 

Нийслэлийн Газрын алба болон Авто замын газрын удирдлагууд өргөтгөл хийгдэж буй зам засварын ажилтай саяхан танилцсан. Түүний дараа тодорхой тохиролцоонд хүрч замын ажлыг саадгүй явуулах боломжтой боллоо хэмээн Нийслэлийн Газрын албанаас саяхан мэдээлсэн. 

Гэвч ажил үргэлжлэх бус харин ч зогсонги байдалд орж, оршин суугчид нь хоёр дахь жилдээ тоосонд даруулж, дахин нэг намрыг угтах болж байна. 

Энэ асуудлыг бид тухайн хэсгийг хариуцсан газрын мэргэжилтэн Э.Цэвэлдоржтой утсаар холбогдон тодруулахад “Энэ талаар ярьж болох эсэхийг мэдэхгүй байна. Би зуслан дээрээ байна” гэсэн хариултыг хэлээд утас нь унтарсан юм. 

Харин Нийслэлийн Газрын албаны Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Сэргэлэн “Толгойтын эцсээс Үйлдвэрчний гудамж хүртэл 3.6 км замын 80 хувь дээр газар чөлөөлөлт хийгдсэн. Үлдсэн хэсэг дээр эд хөрөнгө болон нөхөн олговрын үнэлгээг тооцуулах ажил хийгдээд иргэдтэйгээ тохиролцоод явж байна. Үнэлгээний ажил нь хийгдчихсэн гэсэн үг. Газрын тухай хуульд иргэний өмчийн газрыг зөвхөн тохиролцооны журмаар чөлөөлнө гэж заасан байдаг. Үнэлгээ нь хийгдчихсэн байгаа учир одоо бид яг хуулийнхаа дагуу тохиролцох шатандаа явж байгаа. Иргэний өмчид хүчээр халдах эрх бидэнд байхгүй” гэлээ.

Газрын албанаас өгсөн мэдээллээр газар чөлөөлөөгүй удсан гэх шатахуун түгээх станцтай тохиролцоо хийсэн, удахгүй нүүх болсон гэж байна. Харин түүний хажууд байрлах хоёр давхар зочид буудалтай тохиролцоонд хүрч чадахгүй байгаагийн улмаас 400 метр газар шороо эргэсэн байдалтай өдийг хүргэжээ. 

Г.Түшиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж