Хүндийн өргөлтийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн Непаль /Балба/ улсад болж байна. 2017 оны Азийн аваргад тивийн 30 гаруй улс оролцож байгаагаас манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад эмэгтэй баг тамирчид амжилттай оролцож, тэмцээнээ дуусгалаа.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд “Рио 2016” олимпийн наадмын шагналт VIII байрын эзэн М.Анхцэцэг түлхэлт, огцом болон нийлбэр дүнгээр тэргүүлж, Азийн хошой аварга боллоо. Мөн эмэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Э.Билэгсайхан нэг алт, хоёр мөнгө, 63 кг-д Г.Ануужин мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртсэн бол залуу тамирчин, ОУХМ Б.Энхтамир шагналт тавдугаар байрт орлоо. Манай тамирчдын тэмцээн өчигдөр дууссан юм.
Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр Р.Одбаяр, Л.Одгэрэл нар оролцож байна.
Тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.
Залуучуудын дэлхийн аварга, Азийн хошой аварга, ‘Рио 2016’ олимпийн наадмын шагналт VIII байрын эзэн М.Анхцэцэг дасгалжуулагч Ц.Хосбаярын хамт. 2017.07.26 Непаль
Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Г.Ануужин, шагналт V байрын эзэн, залуу тамирчин Б.Энхтамир нар дасгалжуулагч Ц.Хосбаярын хамт. 2017.07.26. Непаль
Г.Ануужин, Э.Билэгсайхан, М.Анхцэцэг
Ч.БОЛОР