Монгол улсад 100 буудалт даамын Дэлхийн цомын нээлттэй тэмцээн анх удаа боллоо. Энэ сарын 21-27-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд найман улсын нийт 56 тамирчин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээний дүн гарахад оросын их мастерууд эхний гурван байрт орсон байна. МУБИС дээр болсон тус тэмцээнийг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Г.Чулуунбаатар үзэж сонирхлоо. Тэрбээр өчигдөр болсон сүүлийн ес дэх өргийн тоглолтыг сонирхож, Монголын даамын холбооны удирдлагуудтай уулзаж, санал солилцов. Уулзалтын үеэр БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар оюуны спортыг дэмжих бодлого хэрэгжүүлэх, эрхзүйн орчинг боловсронгуй болгох, УИХ-аар батлагдсан Биеийн тамир, спортын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд спортын мэргэжлийн холбоодыг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
100 буудалт даамын Дэлхийн цомын нээлттэй тэмцээнд манай даамчид амжилттай оролцсон байна. Эрчүүдээс их мастер Г.Ганжаргал IX байрт орсон бол эмэгтэйчүүдийн ангилалд 2017 оны улсын аварга, спортын мастер Е.Ариунзаяа хүрэл медаль хүртжээ.
Монгол улсад анх удаа болсон 100 буудалт даамын Дэлхийн цомын нээлттэй тэмцээний аваргаар дэлхийн 10 удаагийн аварга, ОХУ-ын их мастер Алексей Чижов түрүүлж, их мастер А.Гетманский, И.Трофимов нар удаалав.
Монгол улсад анх удаа болсон 100 буудалт даамын Дэлхийн цомын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд ОХУ-ын их мастер А.Идрисова, М.Ноговицына нар эхний хоёр байрыг эзэлж, 2017 оны улсын аварга, спортын мастер Е.Ариунзаяа хүрэл медаль хүртлээ. 2017.07.26
Ч.БОЛОР