“Д.Нацагдоржийн гар бичмэлийг олоод их баярласан”

Хуучирсан мэдээ: 2017.07.28-нд нийтлэгдсэн

“Д.Нацагдоржийн гар бичмэлийг олоод их баярласан”

УИХ-ын гишүүн Л.Болдыг Гадаад харилцааны сайдаар томилуулахаар нэр дэвшүүлэхдээ гадаад харилцааны салбарт шинэчлэл хийх чадвартай, танхимын зарчмаар ажиллаж дадсан, туршлага зэргийг харгалзан үзэж, тус албанд томилуулахаар нэр дэвшүүлснээ онцоллоо.

ХБНГУ, Боннын Их Сургуулийн профессор Ж.Бат-Ирээдүй

ХБНГУ, Боннын Их Сургуулийн профессор, Монгол судлалын үндэсний академийн гүйцэтгэх захирал, Хэл шинжлэлийн ухааны доктор Жанцангийн Бат-Ирээдүйтэй ярилцлаа. 

Тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан Германы Боннын Их Сургуулийн Монгол-Түвд судлалын тэнхимийн номын санд хадгалагдаж байсан Их зохиолч Д.Нацагдоржийн “Герман Монгол толь бичиг”-ийн эх гар бичмэлийг олсныг дуулгасан юм. Ингээд түүний яриаг хүргэе.


-Сайн байна уу, та сайхан зусаж байна уу. Тун удахгүй эх орондоо ирнэ гэж дуулдлаа? 

-Сайн, сайн байна уу? Тавтай сайхан зусаж байна. Герман орон 5-6 сард хур бороо ховор гандуу байснаа энэ сарын дундаас л бороошиж ган тайлагдаж байна. Германы сургуулиуд хаврын улирал нь их орой эхэлж, оройтож дуусдаг учир одоо л хичээл хааж, шалгалт эхэлж байна. Ирэх наймдугаар сарын эхээр нутагтаа очиж амарна даа. 

-Таныг Германд Их зохиолч Д.Нацагдоржийн шинэ гар бичмэл олдсон гэж сонслоо. Хэн ч мэдээгүй байсан Их зохиолчийн гар бичмэлийг яаж олж авсан нь сонин байна?

-Манай Боннын Их Сургууль бол 1818 онд байгуулагдсан, дараа жил 200 жилийнхээ ойг хийх гэж байна. Бидний сууж байгаа монгол судлалын салбарын барилга нь 1697-1705 оны үед баригдсан байшин. Мэдээж түүнээс хойш засаж орчин үеийн тоног төхөөрөмжөөр тордсон юм байгаа л байх. Гэхдээ орчин үеийн ялангуяа энэ Германы барилгын стандартыг хангахгүй болж, муудсан тул ойрын 2-3 жилд их засвар хийхээр нүүх гэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор бид өөр шинэ байранд түр шилжин байрлах болж ойрын хэдэн сар нүүдлийн бэлтгэл ажил хийж байна. Монголчууд “Нүүхдээ баянаа мэднэ” гэж хэлдэг нэг сайхан үг бий шүү дээ. Нүүх гэж хамаг номоо цэгцэлж байх үеэр манай номын сангийн ажилтан Карл гэдэг хүн олж надад анх үзүүлсэн учиртай юм. Тэр нүүхийн буян бол гагц эд хөрөнгө, тоо хэмжээний баян биш ховор нандин зүйл олохыг бас багтааж буй за. “Нүүхдээ баянаа мэднэ” гэдэг үгийн бэлгэдлийг бид өргөн утгаар ойлгож болно.

-Бидэнд уг гар бичмэлийн талаар танилцуулаач?

-Энэ гар бичмэл бол Дашдоржийн Нацагдоржийн Германы Лайпциг хотноо сурч байхдаа хийж байсан хоёр боть толь бичиг байна. Тус бүр 150 хуудастай, эхнээс нь Эрих Хениш үзээд засаж нэмээд явж байсан бололтой. 

Д.Нацагдорж 1927 оноос 1929 он хүртэл Берлинээс Лайпциг хотод шилжиж сурах үедээ Германы нэрт монголч эрдэмтэн Эрик Хэнишийн туслахаар ажиллаж байсан мэдээ байдаг. Хэд, хэдэн уран зохиол судлалын номуудад ч ингэж бичсэн нь бий. Мөн тэр үедээ хийж байсныг батлах баталгаа нь энэхүү толь бичгийн эхний ботийн “А” үсгийн дээд тал 1940-өөд оноос өмнө хэрэглэж байсан бичмэл үсгээр “Энэхүү толийг Э.Хэнишийн удирдлага доор Я.Шмидтийн “Герман – Монгол – Орос” толийн толгой үгийг эш болгон Д.Нацагдорж хийсэн болой” гэж бичсэн нь байсан. Мэдээж гар бичмэл эх учраас гарын тигийг харьцуулах ёстой бөгөөд Д.Нацагдоржийн бусад зохиолын гар бичмэлийн тигтэй энэхүү толийг бичсэн гар бичмэл нь адилхан байгаа юм. 

Д.Нацагдоржийн монгол бичгээр бичсэн эх зохиолын бичвэрүүд харьцангуй элбэг байдаг л даа. Би уг толь бичгийг ойрын хэд хоног гар дээрээ авч эргүүлж тойруулж нэлээд үзлээ. Үгийн сонголт бол гайхалтай сайхан байна. Үгийн багтаамж маш сайн, сайхан монгол хэлээр орчуулж дээ гэж бодогдож суулаа. Нарийн үзвэл эндээс их юм харагдах шинжтэй байна даа. 

Д.Нацагдоржийн “Герман - Монгол - Орос” толь бичиг

Д.Нацагдоржийн “Герман - Монгол - Орос” толь бичиг

Д.Нацагдоржийн “Герман - Монгол - Орос” толь бичиг

-Эрдэмтэн Л.Дашням гуайд Герман-Монгол толь бичгийн нэг эх хадгалагдаж байдаг юм билээ. Уг бичмэлийг 110 жилийн ойн үзэсгэлэнд дэлгэн харуулсан?

-Энэ толь бичгийн эхийг олсон тухай мэдээлснээс хойш хүмүүс их сонирхож бас энд тэндээс Д.Нацагдоржийн хийж байсан толь бичгийн талаар мэдээ ирүүлж байна. Харин Д.Нацагдорж судлалын судалгааны өгүүлэл энэ тэр толь бичгүүдийн тухай ховор байдаг. Л.Дашням гуайд байгаа Нацагдоржийн толь бичгийг би үзэж, хараагүй юм байна. Одоо очихоороо зориуд уулзаж авч үзье.

-Та өмнө нь монгол хэлний үгийн сан, утга зүй, тользүйн чиглэлээр судалгаа хийж байсан. Магадгүй та зохиолч Д.Нацагдоржийн “Герман-Монгол” толь бичгийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж судлах уу?

-Би одоо ч энэ чиглэлээр судалгаа хийж байгаа. Монгол хэлний үгийн сан, утга судлал, гадаад хүнд зориулсан сурах бичиг, гарын авлага, толь бичиг тэргүүтэн нийтдээ 50 гаруй ном, сурах бичиг, толь бичиг, гарын авлага, судалгааны бүтээл хэвлүүлээд байна. Би бол Д.Нацагдорж судлаач биш, дээр нь утга зохиолын чиглэлээр бараг судалгаа хийдэггүй. Харин энэ толь бичгийн хувьд жаахан ажиглаж байгаад нэг эрдэм шинжилгээний өгүүлэл бичих санаа төрөөд эхлээд явж байна. Харин толь бичгийг хэрхэх талаар манай багш нар ярьж байгаад нэг шийдэлд хүрэх байх аа. Монгол хэл бичгийн мэргэжилтэн хүний хувьд Д.Нацагдоржийн оригинал гар бичмэл байгааг олж мэдээд харин ойгүй их баярлан хөөрсөн шүү. Энэ бол бас ховор л завшаантай хэрэг гэж бэлгэшээж байна.

-Монгол эрдэмтэд хэрхэх талаар ярилцана гэж байсан. Гар бичмэлийг судлахаар болсон уу?

-Манай тэнхимийн монгол судлал хариуцсан профессор И.Штолп бид хэд хэрхэхийг ярилцсан. Одоо хуучны ном судрын түүхийг мэдэх хэд, хэдэн хүн тухайлбал, профессор К.Загастер, профессор Вайрс, хатагтай профессор Файте нар тэтгэвэртээ гараад Бонн хотод амьдарч байна. Тэднээс энэ толь бичиг хэрхэн яаж энд ирсэн, түүхийнх нь талаар мэдэх зүйл байвал асууж тодруулаад дараа нь хэрхэхийг шийдье гэж ярьсан. Энэ намраас уулзаж ярилцах байх. Ер нь бол судлаачдад зориулан цөөн тоогоор хэвлүүлэх, дараа нь дижитал болгон цахим орчинд тавих санаа оноо гарч байна. Энэ толь бичиг бол Нацагдорж судлал, дээр нь Герман – Монгол толь бичиг судлалын түүхэнд нэгэн шинэ хуудас болно гэж бодож байна.

-Энэ гар бичмэл нь Боннын Их Сургуулийн Монгол-Түвд судлалын тэнхимийн номын санд хадгалагдаж байсан гэсэн. Өөр монголын хуучны ховор, сонин ямар ном судар хадгалагдаж байгаа бол?

-Ер нь бол манай тэнхим 1950-иад оны сүүлээр Боннын Их Сургуульд байгуулагдсан бөгөөд энэхүү тэнхимийг санаачлан байгуулж насаараа энд ажилласан нэрт монголч эрдэмтэн Вальтер Хайссиг гуай тэр Нацагдоржийн багш байсан Э.Хэнишийн шавь байсан учраас түүнд өгснийг Хайссиг гуай энэ номын санд хадгалуулсан байж магадгүй гэж бид таамаглаж байгаа юм. Түүнээс биш хаа байсан Лайпцигт хийсэн зүйл энэ номын санд эхээрээ байх боломж тун ховор юм. Өөр ховор зэвэр юм их бий. Манайханд байдаггүй, олддоггүй ном арвин бөгөөд ядаж л фото хуулбар нь хадгалагдаж байгаа. Тухайлбал, тухайн үед тэнхим байгуулахдаа барууны орнуудад байдаг сайн номуудын эхийг биш юм гэхэд гэрэл зургийг нь бүрэн цуглуулж чадсан учир гайхамшигтай номын сан гайхамшигтай баян бүрд гэж хэлж болно доо. Монголоос ирсэн манай судлаачид зах зухаас нь үзээд “шүлсээ гоожуулаад” л буцдаг номын сан шүү дээ. Ялангуяа монгол эх бичиг судлалаар бол дэлхийд байхгүй номын сан.

-Гар бичмэлийг Их зохиолчийнх гэдгийг яаж баталж байгаа вэ. Монгол дахь хэд хэдэн эрдэмтдээс энэ гар бичмэлийн талаар асуухад Их зохиолчийн бичгийн хэв “Мөн байна лээ” гэж байсан?

-Би энэ толь бичгийг олдсон, Д.Нацагдорж толь бичиг хийж байсан мэдээ занги байдаг эсэх талаар хэд, хэдэн Д.Нацагдорж судлаач, гадна дотны хүнтэй холбоо барьж үзлээ. Бүгдээрээ шинэ мэдээ гэлцэж байгаа. Харин чиний ярьсан Л.Дашням гуайд байдаг “Герман Монгол толь бичиг” чинь харин надад шинэ мэдээ болоод байна. Түүнийг даруй эх орондоо очиж, олж үзье гэж бодож байгаа.

-Та хамгийн сүүлд ажилласан эрдэм шинжилгээний ажлаасаа танилцуулж болох уу?

-Би монгол хэлийг гадаад хүнд заах чиглэлээр сурах бичиг гарын авлага эрдэм шинжилгээний бүтээл хийсээр байгаа. Саяхан “Монгол бичвэр уншлага” гэж шинэ сурах бичиг маань хэвлэгдсэн үүнийг гадаад дотоодын аль ч их сургуулиудын монгол судлалын ангид хэрэглэж болох ном болсон гэж үзэж байгаа. Мөн МУИС-ийн “МУИС Пресс Хэвлэлийн Газар”-тай хамтран “Монгол хэл шинжлэл”-ийн 108 ботийн цуврал эхлүүлснээс гуравдугаар ботийг “Монгол-Англи хэл шинжлэлийн толь бичиг” нэртэйгээр академич Д.Төмөртогоо, профессор Д.Энхбат нартай хамтран саяхан хэвлүүллээ. 

-Германд монгол хэл судлал хэр хөгжиж байгаа вэ?

-Германы монгол судлал хуучин уламжлалаар баруун талдаа Боннын Их Сургуульд, зүүн зүгээрээ Берлиний Хумбольдтын Их Сургуулиудад гол сургалт судалгаа хийгдэж байна. Төрөөс монгол судлалыг нэлээд анхаарч хараа болоод гараа сунгаж байгаа тул нэг үеэ бодвол эрхбиш нааштай, багш судлаач нар урамтай байна. 

ХБНГУ, Боннын Их Сургууль

Боннын Их Сургуулийн монгол судлалын тэнхим

Боннын Их Сургуулийн монгол судлалын тэнхимийг хаагдахын даваан дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлан ирж амийг нь аварсан түүхтэй. Одоо Монголын талаас 50 хувийн зардлыг хариуцан ажиллаж байна. Дараагийн шинэ Ерөнхийлөгч ажлаа авангуутаа монгол судлалаа төрөл бүрээр дэмжинэ гэж зарласан нь бидэнд их урамтай сайхан байна. 

-Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж