Честер Беннингтон: Өөрөө өөртөө ялагдсан нэгэн

Хуучирсан мэдээ: 2017.07.28-нд нийтлэгдсэн

Честер Беннингтон: Өөрөө өөртөө ялагдсан нэгэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Честер Беннингтон балчир хүү байхдаа бэлгийн дарамтад өртөж байсан тухайгаа илэн далангүй ярьсан байдаг. Тэгэхдээ бүр өөрөөсөө хэдэн насаар ах найздаа дарамтлуулж байжээ. Амьдралын мөн чанарыг ухаарч амжаагүй байхдаа амссан тэр гашуун хар бараан сүүдэр насан туршид нь түүнийг мөшгөсөөр байсан тухай ойр дотныхны нь яриа бий. Магадгүй тэвчээрийн хязгаараа чинээнд нь хүртэл тэсээд, эцэстээ амиа егүүтгэхэд хүргэсэн тэр их сэтгэлийн дарамт тэр мөчөөс л эхэлсэн байх… гэж гэр бүлийнхэн нь ярьжээ.

“Сониуч, саваагүй зан хүнийг балмад хэрцгий үйлдэл хийхэд ч хүргэдэг. Намайг зодож, хүсээгүй зүйлийг минь хийлгэдэг байлаа. Энэ миний өөртөө итгэх итгэлийг юу ч үгүй мохоосон. Олонх хүмүүсийн адилаар би энэ тухай ам нээхээсээ айдаг байлаа. Бусад хүмүүс намайг ижил хүйстэн, эсвэл худалч нэгэн гэж бодоосой гэж хүсээгүй юм. Ой санамжид минь дэндүү муухайгаар хадгалагдан үлдсэн. 13 нас хүртлээ би бэлгийн дарамтад байсан” гэж Честер 2008 онд өгсөн ярилцлагадаа анх удаа балчир насны таагүй явдлынхаа тухай ам нээж байжээ. Честер нэлээд хожуу энэ тухай аавдаа хэлсэн боловч түүнийг дарамталдаг байсан этгээд өөрөө ч мөн ийм хэргийн золиос байсан тул хэрэг үүсгэж, гомдол мэдүүлэхээс татгалзсан гэдэг. “Би өшөө авахыг хүсээгүй” гэж тэр хожмын нэгэн ярилцлагадаа хэлсэн нь бий.

Linkin’ Park хамтлагийн гоцлол дуучин Честер Беннингтон 41 насандаа нас барсан юм. Үхлийн шалтгааныг амиа хорлолт гэж цагдаагийн байгууллага албан ёсоор мэдэгдээд байгаа. Хамтлаг нь ‘One More Light’ нэртэй долоо дахь цомгоо дөнгөж гаргаад удаагүй байсан үе. Бас Хойд Америкийг тойрох аялан тоглолтынхоо товыг ч хэдийн зарлачихаад байсан юм. 

Гэвч хамтлагийн нэгэн эд эс, салшгүй хэсэг нь явж одов. 2017 оны долдугаар сарын 20-ны үдэш тэр амиа егүүтгэжээ. Үүнээс хоёр сарын өмнө Soundgarden хамтлагийн дуучин Крис Корнелл Детройт дахь зочид буудлын өрөөнөөс нас барсан байдалтай олдсон юм. Оршуулгын ёслолд нь Честер хамгийн сайн найзын хувиар оролцож, сэтгэлийн гүнээс дуулжээ. Хорвоог орхисон найздаа хаягласан захидалдаа тэр “Чи өөрөө ч мэдэхгүй тэр агуу зүйлээр надад урам зориг өгдөг байсан… Чамгүйгээр би орчлон дэлхийг төсөөлшгүй” хэмээн бичиж байлаа. Гэтэл дотнын найзынхаа мэндэлсэн өдөр нь тэр өөрөө өөрийнхөө амийг авч одсон байв. 

Крис Корнеллийн оршуулгын ёслолын үеэр.

Честер Беннингтон амиа хорлосон тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт хөгжмийн ертөнцийг донсолгосон юм. Лос-Анжелес дахь гэртээ өөрийгөө дүүжилсэн байхыг гэрийн үйлчлэгч нь анх хараад цагдаад мэдэгджээ. 

Шүүх шинжилгээний байгууллага түүний үхлийг амиа хорлолт гэж тогтоосон. Цагдаа, мөрдөн байцаагчид гэрээс нь хууль бус эмийн болон мансууруулах төрлийн бодис илрүүлээгүй. Харин өөрийгөө боомилсон байсан унтлагынх нь өрөөнөөс тал дунд хүртлээ хэрэглэсэн архины шил олджээ. 

Түүнийг удахгүй эцсийн замд нь үднэ. Ёслолыг гэр бүлийнхэн нь олон нийтийн оролцоогүйгээр зөвхөн гэр бүл, найз нөхдийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ. Харин сая сая фенүүдэд нь эцсийн удаа хайртай дуучиндаа “баяртай” гэж хэлэх боломжийг хэрхэн бий болгох талаар шийдэж амжаагүй байгаа гэж ойрын эх сурвалж мэдээлжээ.

Ямартай ч түүнийг дотнын ганц найз Крис Корнеллийн булшны дэргэд нутаглуулахаар шийдсэн гэнэ.

“Нарт хөндий” Финиксийн унаган хүү Честер ухаан орох үеэсээ л хөгжмийн ертөнцөд автжээ. Мөрдөн байцаагч эцгийн хүү Depeche Mode, Stone Temple Pilots зэрэг хамтлагийн дууг сонсож, хэзээ нэг өдөр гишүүн нь болоод, дууг нь дуулахыг мөрөөддөг байж. 

1993 онд 17 настайдаа тэр Sean Dowdell and His Friends? нэртэй хамтлагийн гишүүн болжээ. Амьд хөгжмийн ертөнц рүү хөтөлсөн тэр хамтлагтайгаа Честер гурван дуу бүтээсэн байна. Удалгүй тэрээр Grey Daze хамтлагт элсэв. Хамтдаа гурван ч цомог гаргасан ч төдийлөн амжилт ололгүй байсаар Честер 1998 онд хамтлагаасаа гарчээ. Grey Daze-д дуулж байх үедээ тэрээр 1996 онд анхны эхнэр Саманта Мэри Олиттой гэрлэсэн байна. 

Grey Daze дэлхийн хөгжмийн салбарт амжилтыг эс олсон ч Linkin Park тэсрэлт хийж чадсан юм. Честер Linkin Park байгуулагдсанаас хойш гурван жилийн дараа буюу 1999 онд эгнээнд нь элсжээ. Анхны цомог нь Hybrid Theory нэртэйгээр 2000 онд гарч, шууд л хит чартуудыг тэргүүлж эхлэв. 2001 онд хамгийн өндөр борлуулалттай цомгоор тодров. Тэдний дараагийн цомог Number One 2003 онд гарч, мөн л сүрхий амжилт үзүүлжээ.

Хэдийгээр хөгжмийн карьер нь тасралтгүй өсөн нэмэгдэж байсан ч хувийн амьдрал нь үргэлж эсрэг зүгт чангааж байлаа. Честерийн эхнэр Саманта 2002 онд амаржиж, хосууд хүүтэй болов. Гэвч хоёрхон жилийн дараа тэд салжээ. Хэсэг хугацаанд Честер сэтгэл санааны хямралд автжээ.

11 настайд нь эцэг, эх нь салж, шүүхийн шийдвэрээр тэр эцэгтэйгээ үлджээ. Гэвч аав нь мөрдөн байцаагч байсан тул хүү ганцаараа шахам өсөж торнисон байна. Багаасаа сэтгэл санааны хувьд таагүй, дорой байдалд байсан тэрээр мансууруулах бодис, архинд донтож, хэд хэдэн удаа амиа хорлохыг завдаж байжээ. Ойр дотныхон нь түүнийг хаалттай, дотогшоо зантай хүн байсан гэж тодорхойлдог. 

Гэхдээ 2007 онд Честер амьдралын баяр баясгалан, гэрэл гэгээг олж харахын тулд өөрийн сул дорой байдалтай тэмцэж, донтолтын эсрэг эмчилгээнд явж, өөрийгөө бүрэн өөрчлөхөөр фенүүддээ амлав. 

Тэрээр Playbody модель Талинда Анн Бентлитэй дотно харилцаатай болж, хамтдаа гурван хүүхэдтэй болжээ. 

Честер хэдийгээр өөрийгөө ялан дийлэхээр тэмцэж, үнэлж, үнэлэгдэхүйц үр дүнд хүрсэн ч эцсийн мөчид өөрөө өөртөө ялагджээ.

Честер Беннингтоны бага ихрүүд. 6 настай.

In The End, Crawling, Numb гээд 2000-аад оны эхэн үед дэлхий нийтийн залуусыг байлдан дагуулж явсан Linkin Park Честер Беннингтоны орон зайг нөхөх аргагүй, тэгэх ч үгүй гэж мэдэгдээд байна. Дэлхий даяар 70 сая гаруй цомог /анхны цомог Hybrid Theory нь дангаар 30 сая гаруй хувь борлогдсон/ борлуулсан тэд хэсэг хугацаанд завсарласны эцэст долоо дахь цомгоо саяхан гаргасан билээ.
Хэдий гоцлол дуучин нь үүрд халин одсон ч Linkin Park-ийн хуучны дуунууд хит чартуудыг дахин түүчээлж эхэлжээ. Шинэ зууны эхэнд залуусын зүрх сэтгэлийг эзэмдэж байсан хайртай хамтлагийнхаа дууг фенүүд нь эргэн эргэн санан, дурсан, сонсож суугаа биз ээ. 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж