-Иргэдийн шударга шүүх ТББ байгуулагдсан цагаасаа хойш иргэдийн төлөө хэрхэн ажиллав. Та бүхнийг гэнэт гарч ирж хэвлэлийн хурал зарлаад л алга болчихдог гэж ярих хүн цөөнгүй бий?
-Бид 2006 оноос хойш шударга шүүхийн төлөө багагүй ажил амжуулж, нэг зүйлийн төлөө тууштай тэмцэж байгаа. Өнөөдөр ард иргэд, төр засагт хандан уриалга гаргаж байггаа маань гэнэт л хийж буй зүйл биш. Байгуулагдсан цагаасаа хойш давж заалдах болон дээд шүүх дээр ирсэн 300 гаруй хэрэг маргааныг шударга шийдвэрлүүлэхэд оролцсон байна. Мөн хилс хэргээр ял эдэлж байсан зургаан залууг суллаж, хилсээр эрүүдэн шүүгдэж байсан 20 гаруй хүнийг хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Мөн бидэнд иргэдээс 10 мянга гаруй хууль тогтоомж зөрчсөн, авлига авсан тухай нотлох баримт цуглуулсан байна лээ. Бидний тэмцэл үргэлжилсээр байгаа. 2011 онд бид улам идэвхитэй тэмцлээ үргэлжлүүлэхээр төлөвлөсөн.
-Таныг төрийн байгууллагаар иргэдийн өмнөөс явж байхад хүнд суртал гаргах байдал хэр ажиглагдаж байна?
-Хүмүүс намайг бусдын төлөө яваад байна гэж ойлгодог байх. Харин би өөрийнхөө төлөө явж байгаа юм. Учир нь би Монгол Улсын иргэн хүн. Өөрт тохиолдсон асуудлаа хуулийн дагуу шийдвэрлүүлэх, чирэгдэлгүй, хүнд сурталгүй байхыг хүсдэг. Бүх хүн үүнийг хүсдэг байх. Шүүх хурал дээр “Чи дуугуй бай” гэдэг байсан бол өнөөдөр би үгээ чөлөөтэй хэлэх хэмжээний болсон. Түүнээс биш ямар нэг ашиг сонирхлын төлөө ингээд яваад байгаа хэрэг биш юм.
С.Отгон