Хуучирсан мэдээ: 2017.07.28-нд нийтлэгдсэн

Хогийг мөнгө болгоё

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Д.Эрдэнэбат УИХ-ын гишүүнээр сонгогдож намын сонгуульт ажлаасаа чөлөөлөгдсөн юм.

-Хог мөнгө болсон цагт хаягдал байхаа болино гэсэн санааг хөгжингүй орнууд хэдийнэ хэрэгжүүлээд эхэлсэн ч манайхан хогийг хог гэж хардаг хэвээр байна-

Урин дулаан цаг, аялал зугаалга, амралт сувиллын улирлыг гутаадаг ганц зүйл нь хог. Өвлийн утаа униар, халтиргаа гулгаа, хаврын синдромыг арайхийж давсан монголчууд зун цагт унаган байгальд амарч, алжаалаа тайлдаг. Найр наадам ч хавтгайрч, морь мал даган баясацгаахдаа санаатай, санамсаргүйгээр хог хаяж, эх байгалиа гутаах болжээ. 

Хог тойрсон асуудал хэтийдсэнээс тусгайлан хууль гарган хэрэгжүүлж байгаа. Тэрхүү хуулийг энэ оны тавдугаар сард УИХ-аар шинэчлэн баталснаар долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Хог хаягдлын тухай хуулийн онцлог заалтаас уншигчдадаа хүргэе. 

Хог хаягдлыг дахин боловсруулбал урамшуулна

Хог хаягдлын тухай хуулийн зорилго нь хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, иргэдийн хог хаягдлын талаарх боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн гэж танилцуулгад дурджээ. Хог хаягдлыг бууруулах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, экспортлох болон аюултай хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглохтой холбогдсон харилцааг шинэчлэн найруулсан хуулиар зохицуулах юм. 

Хаана хаяснаас шалтгаалаад хүлээлгэх хариуцлага өөр

Хог хаясан гэх ганцхан ойлголтоор буруутгадаг үе өнгөрчээ. Хог хаягдлыг зориулалтын бус газарт хаяхдаа чухам хаана хаяв гэдгээс шалтгаалаад өөр өөр торгууль шийтгэл ногдуулахаар шинэчилсэн хуульд тусгасан байна. 

Жишээлбэл, хогийг дэд бүтцийн шугам хоолой, нийтийн эдэлбэр ногоон бүс, үерийн далан сувагт хаях аваас иргэнийг 50 мянган төгрөг, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр, хаясан хогийг ил задгай шатаавал иргэдийг 50 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг 400 мянган төгрөгөөр торгох юм. Гэрийн болон нам даралтын зууханд нийлэг материалтай хог хаягдал шатаавал мөн дээрхийн нэг адил шийтгэл хүлээнэ. Аж ахуйн нэгжүүд хөрс бохирдуулагч жорлонг дур зоргоороо байгуулбал 200 мянган төгрөгийн торгууль ногдуулахаар заасан байна. 

Сонгууль дөхөхөөр нийтийн эзэмшлийг зар сурталчилгааны самбар болгож орхидог гаж үзэгдлийг бууруулахаар хуульчилжээ. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө дээр зар сурталчилгаа байршуулж, шашны болон зан үйлийн эд зүйлс тавьж, хог хаягдал үүсгэвэл иргэнийг 50 мянга, аж ахуйн нэгжийг 500 мянган төгрөгөөр торгох заалтыг шинэ хуульд багтаажээ. 

Хог хаягдлын тухай хуулийн шинэлэг талууд

  1. Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх үүрэг, хог хаягдал цуглуулж, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, урьдчилан боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх болон зөвшөөрөл олгоход тавигдах шаардлагыг нарийвчлав.
  2. Аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн зохицуулалт бий болсон.
  3. Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хог хаягдал дахин боловсруулах үйл ажиллагааг эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах, ногоон худалдан авалтыг дэмжинэ.
  4. Хог хаягдлын төлбөр, хураамжийг тооцоход “Үүсгэгч нь хариуцах, бохирдуулагч нь төлөх” зарчмыг баримтална. 
  5. Үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах асуудлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцна.
  6. Хог хаягдлын боловсрол олгоно. 

Хог хаягдлын тухай хуулийг дагаж мөрдөх журам хараахан батлагдаж гараагүй байгаа бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яаман дээр тусгайлсан ажлын хэсэг гарган уг журмыг боловсруулж байгаа юм. 

Шинэчлэн батлагдсан хуулийн гол зарчим бол хогийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай юм. Хог мөнгө болсон цагт хаягдал байхаа болино гэсэн санааг хөгжингүй орнууд хэдийнэ хэрэгжүүлээд эхэлсэн ч манайхан хогийг хог гэж хардаг хэвээр байна. 

Нөгөөтэйгүүр,худалдаа наймаа эрхлэгчид, үйлдвэрлэгч, импортлогчдын хувьд сав баглаа боодол, уяа дээснээс эхлээд бүтээгдэхүүний дайварт хог болон хаягддаг зүйлст санаа тавьж байсан удаагүй. Тэгвэл хойшид “Үүсгэгч нь хариуцах, бохирдуулагч нь төлөх” зарчим үйлчилдэг болно гэдгийг дахин сануулъя. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж