Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Цахим хурлын үеэр Хөвсгөл, Хэнтий, Төв зэрэг хэд, хэдэн аймаг хадлан тэжээл бэлтгэх боломжгүй болсон тухайгаа хэллээ. Гэтэл Сүхбаатар аймаг өнгөрсөн жилийн өвсөө экспортолж байна гэх. Засгийн газраас саяхан өвс экспортлохыг хориглох шийдвэр гаргасан. Ямар бодлого хэрэгжээд байна вэ?
-Зуншлага тааруугаас нөхцөл хүнд талдаа байгаа. Нийт нутгийн 70 гаруй хувь гандуу, гантай зуслаа. Өвөлжилтийн бэлтгэл хангахад хадлан тэжээлийг хаанаас бэлтгэх вэ гэдэг хамгийн их асуудал дагуулж мэдэхээр байна.
Засгийн газрын хуралдаанаас өвс, тэжээл, хивэг экспортлохыг хориглосон. Энэ шийдвэрийн хүрээнд бид ажлаа явуулна. Хамгийн түрүүнд дотоодын хэрэгцээгээ хангаж байж, цаашаа экспортын тухай ярина.
Ирэх долоо хоногт аймаг, орон нутгийн удирдлагуудтай уулзана. Улаанбаатар хотод ирэхийг хүссэн. Хадлан, тэжээл бэлтгэх хуваарийг яамнаас гаргаж өгч, үүрэг даалгавар өгөөд явуулна.
-Сүхбаатар аймгийнхны өвсний экспортыг зогсооно гэсэн үг үү?
-Зогсооно.
-Өвөлжилт хүндрэх нь тодорхой болсон учраас малчид мах бэлтгэлд илүүтэй анхаарах шинжтэй байна. Махны экспортыг нэмэгдүүлэх боломж бий юу?
-Мал сүргийн тоо 80 сая давсан. Энэ өвөл 66 сая толгой мал өвөлжих тооцоо гарсан. Өвөлжилт, хаваржилт хүндэрнэ гэж тооцоолж, мал, махаа борлуулах ажлыг далайцтай хийнэ. Жил бүр 10 сая орчим малыг хүнсний хэрэгцээг хангахад зориулж, бэлтгэдэг.
Махны экспортын хувьд богино хугацаанд амжилттай ажиллаж, үр дүн гарч байна. Орос, Хятад улс руу мах экспортолдог байсан бол нэмж Иран улс руу хонины мах нийлүүлж байгаа. Вьетнам улс руу ямааны мах нийлүүлнэ.
Эхний удаад Иран улс руу 600 мянга орчим толгой хонь экспортлох гэрээ хийсэн. Гэрээг дахин сунгана. Ираны талаас Монголоос долоо хоног тутамд 4000 тонн мах авъя гэдэг санал ирүүлсэн. Гэвч манай махны үйлдвэрлэлүүд нийлээд зүтгэлээ ч эрэлтийг нь дийлэхэд хүндрэлтэй байгаа. Саяхан бид Махны холбоо, мах боловсруулах үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, энэ талаар ярилцлаа. Сард хэдий хэмжээний мах нийлүүлэх боломжтой вэ гэдэг судалгаа гаргаад, хүчин чадлаа дахин үнэлээд Ираны талтай гэрээгээ тогтмолжуулах ажлаа үргэлжлүүлнэ. Одоо гурван аж ахуйн нэгж Иран руу мах экспортолж байна.
Махны экспортыг нэмэгдүүлэхдээ эрүүл бүсээс мах экспортлох ажлыг зохион байгуулна. Нийт 5-6 бүс гаргана. Ирэх наймдугаар сард Хятад улсаас экспертүүд ирж, ажиллана. Эрүүл бүсийг очиж, үзэж тогтооно. Махны үйлдвэрүүд ч стандартчилалдаа нийцүүлж ажиллана. Мах бэлтгэл сайжрах болов уу гэж үзэж байна.
-Энэ онд хэдий хэмжээний мах экспортлох зорилт тавьсан бэ?
-Судалгаагаа гарсны дараа ирэх долоо хоногоос экспорт илүү тодорхой болно.
-Хадлангийн нөөцгүй, гантай байгаа аймгууд өвс, хадлангаа яаж бэлтгэх вэ?
-Хадлангийн нөөцгүй гантай байгаа аймгууд хадлангийн нөөцтэй аймаг, сумын удирдлагуудтай харилцан тохиролцож хадлан бэлтгэх ажлыг шуурхай зохион байгуулахыг чиглэл болгосон. Энэ жил байгалийн хадлан өвс, тэжээл экспортлохыг хориглосон тул зүүн аймгуудын аж ахуйн нэгжүүдийг дотоодын зах зээлд өвс, тэжээл нийлүүлэх ажлыг оновчтой зохион байгуулах ёстой гэж даалгавар өгөгдсөн.
Мөн улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, тусгай хамгаалалттай газар, хилийн зурвас газруудад отроор өвөлжих малчин өрх, малын тоог тодорхой гаргаж холбогдох газруудад хүсэлт гаргаж, гэрээ байгуулан малчдыг отроор өвөлжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийг аймаг, орон нутаг зохион байгуулахыг үүрэг болгосон.
-Үлийн цагаан оготно бэлчээр сүйтгэж байгаа тухай орон нутгийн удирдлагууд хэллээ. Орчин үеийн арга технологиор энэ амьтныг хэзээнээс устгадаг болох вэ?
-Орчин үеийн технологи орж ирж байна. Ажлын өртөг, өөрийн өртөг өндөр болчихоод байгаа бэрхшээл бий. Жишээлбэл, одоо хэрэглэдэг аргаар 1 га-д 6000-7000 төгрөгийн зардал гардаг. Туркийн аргыг ашиглахад 1 га-д гарах зардал нь 24 мянган төгрөг болж байгаа. Хүн, малд хоргүй гээд давуу талууд бий. Судалгаа, туршилт хийж байна. Ажлын хэсэг ч ажиллаж байгаа.
Ирэх жилээс үлий цагаан оготнотой тэмцэх ажлыг илүү үр дүнтэй болгохын тулд шинэ технологи оруулж ирэх чиглэлээр ажиллаж байна.
2018 оныг бэлчээр хамгааллын жил болгон зарлана. Үлийн цагаан оготнотой тэмцэхэд менежментийг сайжруулах шаардлагатай. Тодорхой эх үүсвэр суулгана.
Ургамал хамгааллын чиглэлээр энэ онд 738 сая төгрөг төсөвт суулгасан. Орон нутагт хуваарилаад ажиллана.
-Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулахаар ган, гачиг дагуулж байна гэдэг ойлголт малчид, сумын удирдлага, багийн дарга нарын дунд бий болжээ. Үүнээс болж, зарим аймаг үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулахад эсэргүүцэлтэй тулж байна гэлээ, яах вэ?
-Мэргэжлийн байгууллагуудтай хамтраад л зөв ойлголт өгөх ажлыг зохион байгуулахаас аргагүй болж байна.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл хүлээсээр ажлаа алдаж байна гэх үйлдвэрлэл эрхлэгчдийн гомдол нэлээд байна. Юунаас болж, санхүүжилт саатаад байна вэ?
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулж, энэ онд эх үүсвэр тусгаагүй. Өөрөөр хэлбэл, жижиг дунд үйлдвэрийн эргэн төлөлтөө эх үүсвэр болгоод дараагийн үйлдвэр эрхлэгчид олгох бодлого хэрэгжиж байгаа учраас санхүүжилт хүнд байгаа. Яагаад гэвэл эргэн төлөлт хүнд байна.
Иргэд, аж ахуйн нэгж, дамжуулан зээл олгосон банкуудаас хүндрэл учруулж байгаа асуудал ч бий. Энэ чиглэлээр хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж байна. Гэхдээ ирэх долоо хоногоос Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас аймаг бүрт 300 сая төгрөгийн санхүүжилт олгоно. Аймаг орон нутгийн удирдлагууд зөв зүйтэй хуваарилалт хийх шаардлагатай.