Хүн бүхэн тэгш эрхтэй гэдэг ч үнэндээ УИХ-ын гишүүнд илүү давуу эрх үйлчилдэг. Өнөөгийн хүчин төгөлдөр хуулиар УИХ-ын гишүүнийг “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Хэргийн газарт, нотлох баримтаа бариад хууль, хяналтынхныг хүлээгээд сууж байдаг “мулгуу” ч гэж юу байх билээ. Байгаад баригдлаа гэхэд хариуцлага тооцох эсэх нь бас л эргэлзээтэй. Хэрэвзээ УИХ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гээд шийдвэл тухайн гишүүнийг нэг цагийн дотор суллана. Үйлдэл дээр нь гардсан ч хариуцлага тооцох эргэлзээтэй. Ялангуяа өнөөгийн УИХ-д нэг намын 65 төлөөлөл эрх барьж буй үед бүр боломжгүй. Нэг ёсондоо шүүх бус нам улстөрчдийн гэм бурууг тогтооно. Ийм болохоор УИХ-ын гишүүн Н.Амарзаяа сонгогчидтойгоо,
-Ирэх тусам, асуудал ярих тусам өөдөөс загнаад, давшлаад. Ер нь баярлалаа, талархлаа гэж хэлсэн үү?
Сонгогч:
-Баярлахаар юм хийсэн юм уу?
-Хийж байна. Намайг хутгаад байна. Цаг байна. Боломж байна. Та нараар би ажлаа дүгнүүлэх арай болоогүй.
Сонгогч:
-Гуйж өөрсдөө сонгогдчихоод, дуугүй бай, та нар.
Н.Амарзаяа:
-Би чамайг гуйгаагүй шүү. Чи битгий давраад байгаарай… гэж харилцдаг болжээ.
Харин оюутан охиныг хүчиндсэн хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Д.Гантулга гэрт нь очиж хоносон гэдгээ Төрийн ордонд мэдээлэл хийхдээ зөвшөөрч, “Хэргийн газарт таны дотуур хувцас байсан гэсэн үнэн үү?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Дотуур хувцсаа би өмсөөд гарна. Хэзээ ч тийм юм байхгүй” гэж тайлбарласан удаатай. Үүний оронд гишүүнээсээ түдгэлзээд хуулиар үнэн мөнөө тогтоолгохоор хандсан бол илүү шударга.
Тэр буруугүй ч байж болно. Гэхдээ Төрийн ордонд тийм зүйлийн талаар мэдээлэл хийх газар мөн үү, биш үү?!
Энэ мэт эрээ цээрээ алдсан үйлдэл УИХ-ын гишүүдээс гарах болов.
Өмнөх парламентын үед ч ялгаагүй. Тамхины эсрэг хуулийг санаачлан батлуулсан УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Төрийн ордонд согтуу, тамхи татаад эрээ цээргүй аашилж суусан бичлэг ч цацагдсан.
Хардалтаас үүдэн биесээ хөнөөсөн бүсгүйчүүдтэй харилцаатай байсан залууг ажлаас нь халах саналыг хууль сахиулагчид гаргаж, хуульд байхгүй үндэслэлээр давхар шийтгэл оноохыг шүүхээс шаардаж байв. Парламентын гишүүд өөрсдөө ёс зүй сахидаггүй хэрнээ бусдаас ёс зүй шаардахдаа гарамгайн жишээ энэ.
Сонгогчдын саналыг худалдан авч, төрийн эрхийг хууль бус замаар худалдан авсан хэрэг нь гурван шатны шүүхээр тогтоогдсон этгээд хүртэл ямар ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн.
Бусад оронд бол хэрэг нь шүүхээр тогтоогдсон байтугай ёс бус үйлдлийнх нь төлөө огцруулж, түдгэлзүүлж, өөрөө буруугүй ч хариуцсан салбарт нь алдаа, эндэгдэл гарсан тохиолдолд сайн дураараа албан тушаалаасаа түдгэлздэг соёл бий. Харин манайд үгүй.
Буулгах эзэнтэй, буцаах хаягтай болъё
Тэд иргэдийн өмнө огтхон ч хариуцлага хүлээдэггүй төдийгүй, заримдаа бүр хуулийг уландаа гишгэдэг.
Хариуцлага ярихаар “Өөрсдөө сонгоо биз дээ. Хохь чинь” гэх нь холгүй юм ярьдаг. Тэгвэл сонгосон гишүүн нь ажлаа хийхгүй хариуцлага алдаж эсвэл элдэв асуудалд холбогдвол сонгогчид нь хугацаанаас нь өмнө буцаан татдаг хуультай болчихвол тэд ингэж оодрохгүй.
Гэхдээ өөрсдөд нь хариуцлага тооцох хуулийг улстөрчид худал, үнэн шалтаг тоочин хойшлуулсаар ирсний бодит жишээ нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өргөн барьсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл байв.
УИХ-ын гишүүд нь хөдөлж өгөхгүй болохоор Ерөнхийлөгч санаачлан боловсруулсан хэрэг. Гэтэл энэ хуулийн төсөл өмнөх парламентаас өнөөгийн УИХ-д дамжиж ирсэн ч бас л хэлэлцэлгүй хойшлуулсаар суугаа.
Тэрхүү хуулийн төсөлд тусгаснаар сахилгын хариуцлагыг хууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан хариуцлага оногдуулахаар тусгасан. Улс төрийн хариуцлагын тухайд Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2 эсхүл 4 жилийн хугацаатайгаар хязгаарлахаар тусгасан.
Тэрхүү хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг,
- Монгол Улсын Үндсэн хуульт байгууллын эсрэг үйл ажиллагаа явуулсныг, Үндсэн хууль зөрчсөнийг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр тогтоосон;
- Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон;
- Хууль ноцтой зөрчсөн, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг удаа дараа эсхүл ноцтой зөрчсөн нь тогтоогдсон;
- Нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсаныг Ёс зүйн дэд хороо тогтоосон;
- Тухайн жилийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны гуравны нэгээс илүү хувийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан бол эгүүлэн татах үндэслэл болно гэж бий.
Хамгийн гол нь тухайн тойргийн сонгогчдын 15-аас доошгүй хувь нь үндэслэлээ бичин өргөдөл гаргасан байхад эгүүлэн татах асуудал яригдана.
Дээр нь шүүхийн шийдвэр болоод Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн үнэн зөв эсэхийг УИХ-аар магадлахгүй гээд тусгачихсан болохоор өөрсдийгөө хаацайлах боломжгүй гэсэн үг.
Тангараг өргөснөөс хойш харагдаагүй гишүүдийн талаар бид бишгүй ярьдаг. Харин энэ явдлыг дээрх төслөөр таслан зогсооно. Хэрэвзээ ажлаа хийхгүй бол татаж болно гэсэн үг.
Ийм болохоор л хариуцлага тооцох хуулийг сонгогчдынхоо чихэн дээр цэцэг ургуулж буй энэ цагт шаардах хэрэгтэй. Хэрэв шаардаж, шахаж байгаад хуулийг батлуулж чадвал ёс зүйг тэд биднээс бус бид тэднээс шаардаж, хариуцлага тооцож чаддаг болно.