Уурхайн гүнд эмэгтэйчүүд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2017.07.27-нд нийтлэгдсэн

Уурхайн гүнд эмэгтэйчүүд ажиллаж байна

Жирийн нэгэн хувцасны хавчаар шиг хэлбэртэй энэхүү хэрэгсэл нь таны гар утас, таблет, вэб камер гээд л бүх төрлийн камертай хэрэгслийн чадлыг хэд дахин сайжруулах чадвартай.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах “Оюутолгой” компани нь 11 мянга гаруй үндсэн болон гэрээт ажилтантай бөгөөд тэдний 6000 нь гүнийн уурхайд ажилладаг байна.

Ингээд “Оюутолгой” компаний гүнийн уурхайд ажилласан сурвалжлагыг хүргэе. Сурвалжлагын эхэнд товч мэдээлэл хүргэхэд “Оюутолгой” компани 2017 онд 130 -160 мянган тонн баяжмал дахь зэс, 100-140 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэхээ өчигдөр хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангийн үеэр мэдэгдсэн. Хоёрдугаар улирлын зэсийн борлуулалт өмнөх улирлынхтай харьцуулбал 5,6 хувиар буурсан нь тухайн улиралд баяжмалын хэмжээ бага байсантай холбоотой. Харин хоёрдугаар улирлын алтны борлуулалт өмнөх улирлынхаас 28,1 хувиар бага байсан нь 2016 оны дөрөвдүгээр улирлын өндөр агуулгатай баяжмалыг борлуулсантай холбоотойг тус компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес хэлжээ.

Оюутолгойд ажиллах сурвалжлах багийнхан Улаанбаатар-Ханбумбат нислэгээр долдугаар сарын 26-ны өдрийн өглөөний 07.00 цагийн нислэгээр очсон юм. Өмнийн говийн талд монгол гэрийн хэв маягийг барьсан энэхүү нисэх буудал ачаалал ихтэй байна.

ОЮУТОЛГОЙ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ НЭН ТЭРГҮҮНИЙ ЗОРИЛТ БОЛГОН АЖИЛЛАЖ БАЙНА

10.00 цаг

“Оюутолгой” уурхайтай танилцахын өмнө заавал сургалтад суух ёстой. Аюулгүй ажиллагааг нэн тэргүүний зорилт болгон ажиллаж байгаа нь эхний алхмаас мэдэгдэж байсан юм. Бүтээн байгуулалт явагдаж байгаа уурхайд нэвтрэх хэн ч аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдсөний дараа нэвтрэх эрхээ авна.

Оюутолгойн ил уурхай, анхдагч бултлуур, туузан дамжуулагч, хүдрийн агуулах, баяжуулах үйлдвэр, савлах үйлдвэр болон гүнийн босоо амын байгууламжийн ажил ид өрнөж байна.

Уурхайд орохын хамгаалалтын хувцас, нүдний шил, цацруулагчтай хантааз, гутал зэргийг заавал өмсөнө.

Уурхайтай танилцахын өмнө Оюутолгойн гадаад харилцаа олон нийтийн харилцааны хэлтсийн ахлах менежер С.Санждорж тайлбар өгч байв. Тэрбээр Эрэл хайгуулын хамгийн эхний шалгуур бол нэр байдаг. Геологи хүн хайгуул хийх гэж байгаа бол эхлээд газрынхаа нэр усыг сайтар анхаарч явах ёстой. Нэрнээсээ эхлээд юм учиртай байдаг. Орчин үеийн Оюутолгойн судалгааны баг газрын гадаргуу дээр гарсан цэсийг олж үзсэнээр судалж эхэлсэн. Тиймээс энэ ордон үнэхээр оюу эрдэнэстэй.” хэмээн хуучилсан юм.

Музейн үзвэртэй танилцсаны дараа аюулгүй хэрэгслийн хувцсаа өмсөж, үйлдвэрийн хэсэг рүү орлоо. Юуны түрүүнд хүн бүрийн хөлний хэмжээтэй гутлыг бэлдсэн бөгөөд өөрсдийн нэрийнхээ дагуу хувцсаа өмсөөд гүнийн уурхайд орох бэлтгэлийг хангалаа.

Оюутолгойн орд нь зэс, алт болон мөнгө агуулсан хэд хэдэн хүдрийн биетээс бүрддэг. Хүрдрийн биетүүд нь хойноосоо урагш нийтдээ 12 км сунан тогтох бөгөөд үүнд Хюго Дамметын Хойд бүс, Хюго Дамметын Өмнөд бүс, Оюут хүдрийн биет болон Херуга хүдрийн биет орно.

Оюутолгойн ордын нийт баялагийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог.

 

ОЮУТОЛГОЙН ОРДЫН НИЙТ БАЯЛАГИЙН 80 ГАРУЙ ХУВЬ НЬ ГАЗРЫН ГҮНД ОРШДОГ

12.10 цаг

Оюутолгойн гүнийн уурхайд орох сурвалжлах багийнхан Гүнийн уурхайн сургалтын төвд зочилж мөн аюулгүй ажиллагааны сургалтанд суулаа.

Оюутолгойн орд нь зэс, алт болон мөнгө агуулсан хэд хэдэн хүдрийн биетээс бүрддэг. Хүдрийн биетүүд нь хойноосоо урагш нийтдээ 12 км сунан тогтох бөгөөд үүнд Хюго Дамметын Хойд Бүс, Хюго Дамметтын Өмнөд бүс, Оюут хүдрийн биет болон Херуга хүдрийн биет орно. Оюу толгойн ордын нийт баялагийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог байна.

Оюутолгойн гүнийн уурхай 1300 метрийн гүнд байх бөгөөд 45 км үргэлжлэх уурхайн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Түр саатаад байсан гүнийн уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлжээ.

Оюутолгойн гүнийн уурхай газрын гадаргуугаас доош 1300 метрийн гүнд байрлаж байна. Сурвалжлах багийнхан 1300 метрийн гүн рүү орж, 1200 метрт явагдаж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцах юм. Энд жирийн малтлагаас хоёр дахин том малтлаг явагдах бөгөөд одоо бэхэлгээний ажлыг хийж байна.  

Гүнийн уурхайн бүтээн байгуулалттай холбоотой сонирхолтой мэдээллийг хүргэе.

  • Хамгийн гүн босоо ам нь Blue Sky цамхагийг 12 давхарласантай тэнцэнэ.
  • Туузан дамжуулагчийн нийт урт нь 10 км буюу Чингисийн талбайгаас Толгойтын өртөө хүрэх зайтай тэнцэнэ
  • Хюго Дамметт ордын хойд бүсэд баригдах хонгиллын нийт нэвтрэлтийн урт нь 200 км байна /5.5 м өндөртэй, 5 м өргөнтэй/
  • Үйл ажиллагааны оргил үед 50 өрмийн машин, 25 утгуурт ачигч, 10 ачааны машин, бусад төрлийн 290 тоног төхөөрөмж ажиллана
  • Далд уурхайн бүтээн байгуулалтын эхний үе шатанд хамаарах хүдрийн биетийн нийт талбай нь Чингисийн талбайгаас 17 дахин том байна
  • Далд бүтээн байгуулалтын эхний үе шат нь Хюго Дамметт ордын Хойд бүсийн ашиглалтын давхар 1-д явагдах бөгөөд барилга бүтээн байгуулалтын ажил ойролцоогоор 5-7 жил үргэлжилнэ

Гүнийн уурхайд 13.17-д орлоо.

ГҮНИЙН УУРХАЙ НЬ 12 ЦАГИЙН ХОЁР ЭЭЛЖЭЭР ЖИЛИЙН 365 ӨДӨР ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАНА

13.00 цаг

Гүнийн уурхай руу ороход бэлэн болжээ. Гүний уурхай руу орохын тулд аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа хоёр давхар клетьнэнд /лифт/ сууна. Клетьнэд нийт 60 хүн суух юм.

Гүнийн уурхай нь 12 цагийн хоёр ээлжээр жилийн 365 өдөр тасралтгүй ажиллана. Уурхайн бүтээн байгуулалтын ажлаас хамаараад хэсэг бүр дээр ажиллах хүний тоо харьцангуй өөр байдаг байна. Барилга угсралтын засварын ажил дээр хоёр ээлжийн 200 хүн ажиллаж байгаа гэсэн тоо гарч байв.

Оюутолгойн гүнийн уурхайд онцлох зүйл их бөгөөд монгол улсад анх удаа гүнийн барилгын байгууламжийг барьж байгаагаараа онцлог юм.

Гүнийн уурхай нь одоогоор 21 км урттайгаар түнэлийг хийжээ. Хоёрдахь бүтээн байгуулалтыг 18 км-ээс эхэлсэн байна. Цаашид геологийн дүгнэлтээр сунгах эсэх нь шийдэгдэх аж.

Монгол Улсын стандарт болон гадаадын стандартын дагуу бүх аюулгүй ажиллагаа, галын системийг ханган ажиллаж байна.

Оюутолгойн гүнийн уурхайд онцлох зүйл их бөгөөд монгол улсад анх удаа гүнийн барилгын байгууламжийг барьж байгаагаараа онцлог юм.

Гүнийн уурхайн чухал барилга байгууламжийн үндсэн гүйцэтгэгчээр МCS компани ажиллаж байгаа бол менежментийг JACOBS компани хийж байгаа юм байна.

Гүнийн уурхайд барилга байгууламж барьж байгаагаараа анхдагч болж байна. Барилга угсралтын ажил эхлээд жил болж байгаа аж. Жишээ нь энэхүү барилга угсралтын засварын ажил дээр өдөр, шөнийн нийлсэн 200 гаруй хүн ажилладаг байна. Барилга угсралтын ажлын явцад одоогоор осол аваар болон гэнэтийн гэмтэл гараагүй гэдгийг хэлж байв.

Гүнийн уурхайд чийгтэй болон хуурай температурыг байнга хэмждэг. Чийгтэй температурыг голчлон барьдаг бөгөөд 32.0 градусаас дээш бол ажлыг зогсоодог байна. Бид 1300 метрийн гүнд очсоны дараа хэмжилт хийхэд хуурай 33.6, чийгтэй 20.2 градусын хэмтэй байв.  

Хонгилоор явах үед машин таарах үед хорогдох байранд орж, замыг чөлөөлөх ёстой.

ГҮНИЙН УУРХАЙД ЭМЭГТЭЙ УУРХАЙЧИД АЖИЛЛАЖ БАЙНА

13.55

Гүнийн уурхайд орсон бид 1300 метрээс 1200 метр рүү алхах үедээ түр амрах өрөөнд орлоо. Энэ үед темпатур хэмжихэд хуурай 32.0, чийгтэй 25.8 градусын хэмтэй байв.

Алхаж явах үед биенээсээ малгай, шил авч болохгүй.

1202 метрт байрлах давхар хоёр хаалга өмнө нь агааржуулалтыг зохицуулах зориулалтаар барьж байжээ. Одоо энд өөрчлөлт орсноор хаалгыг онгорхой орхидог байна.

“Бид гүнийн уурхайн 1200 метрт байрлах том малтлагийн хэсэгт ирлээ. Энд кабел боолтын ажил явагдаж байгаа бөгөөд чулууны бэхэлгээний ажлыг хийж байна. “Бэхэлгээний ажил стандарт, батлагдсан загварыг дагуу хийгддэг. Том малтлаг нь 11х11 хэмжээтэй. Нийт урт нь 70 м үргэлжилтэйгээр явагдаж байгаа малтлаг байна. Энэ нь эрдэс баялагийг эхний ачилтын станцаас туузан дамжуургаар босоо ам хоёроор дээш гаргах юм” гэж Том малтмалын уулын инженер Ш.Даваасүрэн ярилаа.

 

Хөдөлмөрийн тухай хууль шинээр батлагдсанаар эмэгтэйчүүд гүнийн уурхайд ажиллах боломж нээгджээ. Одоогоор Оюутолгойн гүнийн уурхайд дөрвөн инженер эмэгтэй ажиллаж байна. Мөн зарим засварын ажил дээр цөөн тооны эмэгтэйчүүд ажилладаг байна.

“1200 метрийн гүнд бэхэлгээний ажил явагдаж байна. 7-9 метрийн өндөртэй бэхэлгээг хийж байна. Боолт хийх ажлыг 20 орчмыг хийгээд байна. Сагсанд хоёр хүн ажиллана. Би оператороо хийнэ. Өдрийн халуун 30 орчим хэмд байна. Бид өглөө 07.00 цагт ажлаа эхэлсэн. Оройн 07.00 цагт ажил дуусч шөнийн ээлж ирнэ. Би энд ажлаад найман сар болж байна.” гэж оператор Д.Хатанбаатар ярив.

Уурхайн аюулгүй ажиллагааг хангах үүднээс аврах баг байдаг. Одоогоор аврах баг бэлтгэлийн дуудлага авсан бөгөөд ямар нэгэн гэнэтийн дуудлага огт гаргаагүйг хэлж байв.

Энэ үеэр уурхайн засварын ажилтан Наадамын Ганбаттай ярицлаа. Тэрбээр хэлэхдээ “Би Төв аймгийн иргэн. Үндсэн мэргэжил маань механикч. Техникт их сонирхолтой. Би 2013 оноос Оюутолгойд ажиллаж байна. Өргөтгөх төхөөрөмжийн засварын үйлчилгээ хариуцдаг гэрээт компани болох Моннисийн шугмаар ажиллаж байна. Гүнийн уурхайн зарим тоног төхөөрөмж дээр магадлал хийхээр орж ирдэг. Би өнөөдөр гүнийн уурхайд ороод таван цаг ажиллаад гарах гэж байна. Үдээс өмнө ил уурхайд ажиллаж байгаад үдээс хойш дуудлагын дагуу гүнийн уурхайд орж ажилласан. Уурхайд ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна” гэсэн юм.

Гүнийн уурхайд 13.17-д орсон бол 16.35-д гарлаа.

Бэлтгэсэн: Ч.БОЛОРЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж