Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд энэ сарын 25-нд үер бууж, дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон билээ.
Сонгинохайрхан дүүргээс өгч буй мэдээллээр амь насаа алдсан А-гийн бүтэн өнчин үлдсэн 9 настай хүүхдийн асран хамгаалагчийг тогтоохоор дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн 5 албан хаагч ажиллаж байгаа аж.
Үерийн улмаас 7 айлын гэр урсаж, 5 айлын гэр нуран ашиглах боломжгүй болж, нийт 12 айл орон гэргүй болсон байна.
Мөн 28 айлын хашаа усанд урсаж эвдэрчээ. Ард иргэдийн 5 машин усанд урсаж сүйдсэнийг эзэмшигчдийг нь тогтоон хүлээлгэн өгөх ажил хийгдэж буй юм байна.
Үерт улсын 3, хувийн 8 худаг өртсөнөөс дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс шинжилгээ авсан байна. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах тул иргэдийг ундны усаар хангах ажлыг Ус сувгийн удирдах газрын 2 машинтай бүрэлдэхүүн гүйцэтгэж буй аж.
Түүнчлэн 21-р хорооны 70 га орчим газар лаг шаварт автсаныг 12 машин, 4 ковш бүхий 116 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж 44 удаагийн рейсээр 73 гудамжны 242 тонн хог, лаг шаврыг ачиж цэвэрлэжээ.
Г.ХОРОЛ