Тог тог алхах хийн бүсгүйчүүлийн нимгэн даашинзны хормой салхинд сэвэлзэхэд туяхан цагаан хөл нь өлмий дээрээ тогтож ядан эргэцнэ. Хотыг ногоолин эрдэнэс лугаа адил гацуур, улиас, зүлэг ширэг төгөлдөржүүлэн амилуулжээ.
Хөнгөн, цоглог хөгжмийн аяс машины онгорхой цонхоор “нисэлдэж”, хүүхэд багачуул усан дотор хөгжилдөн өдрийг барна. Хөдөө тийш чиглэсэн нүүдэлчин хотынхон эзгүйрсэн ч гэлээ зуны хотын зугаатай газраа залуус тэр дорхноо олжээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон торгон зүлэг дээр амандаа өвс зуусан залуус юуг ч юм бодон нүдэндээ инээмсэглэл тодруулан, “Маргааш бороогүй юм чинь явъя л даа” гэж найр тавин суухыг харсан ч хараагүй юм шиг ичингүйрэн гэзгээ оролдон гунхан алхах охид энэ цагийн өнгө гэлтэй. Гантай ч гэлээ хотын зун цаг гэгээн, бас хөгжилтэй аж.
…Зуны халуунд усанд шумбах гэсэн залуус Туулын хогийг цэвэрлээд бардаггүй байсан бол өнгөрсөн жилээс “Cityslide оръё” гэцгээдэг болж. Гадаадын дулаан уур амьсгалтай, өндөр хөгжилтэй орны хотуудад л үзэх боломжтой байсан Cityslide буюу усан гулгуурыг монгол залуус, залуустаа зориулан Богинын аманд бүтээн байгуулсан нь хоёр зуны турш хүүхэд, залуусын хөлд дарагджээ. Хүүхдийн паркаа дээрэмдүүлж, цэцэрлэг, тоглоомын талбайгаа булаалгуулан, Туулыг нь томчууд бохирдуулсан болохоор чөлөөт цагаа өнгөрөөх газар үнэндээ хотын залуус, хүүхэд багачуудад үгүйлэгдэж байсан биз.
Тиймээс л аагим зуны халуун өдрүүдэд Зайсангийн баруун талын Соёмботой уул, Хийморийн овооны дунд байрлах Богинын амыг хүүхэд, багачууд зорьж, хөл хөдөлгөөнд дарагдах болов.
Уртаас урт усан гулгуураар баярлаж, инээсэн, басхүү айдастайгаар хийлсэн бөмбөлөгтэй хурдаа аван гулсах хүүхэд багачууд, гүйж ирээд л шумбах охид, залуус цаанаа л хөгжилтэй. Бяцхан үрсээ дагуулан очсон аав, ээжүүд аанай л өөрсдөө хүүхэд болчихсон аятай баярлан, тоглох нь нэн таатай.
Үнийн хувьд зарим баарны таксны хавьгүй хямд мөнгө төлөөд өдөржин усанд булхаж болохоор… Үнэтэй рестораны хоол бус наадмын хуушуур, ус ундаагаар үйлчилж байсан. Энэ ажлыг хийж буй залуус “City Slide in Mongolia” гэж албан ёсны фэйсбүүк хуудсаа ажиллуулж эхэлжээ. Тэндээс хүссэн мэдээллээ авч болох аж.
Зуны халуун өдрүүд үргэлжилж байна. Аагим халуун өдрүүдийг зугаатай өнгөрөөх залуусын болзоот газар нь Cityslide буюу Зайсангийн баруун талын Соёмботой уул, Хийморийн овооны дунд байрлах Богинын ам болжээ.
Олж харахыг хүссэн хүн бүхний төлөө цэцэгс хаа сайгүй дэлгэрч байдаг гэдэг. Энэ мэт санал санаачилгыг хотын удирдлагууд маань дэмжээд өгвөл залуус, багачууд маань зундаа усан, өвөлдөө мөсөн гулгууртай байх цаг ойрхон байна.
Л.ХАЛИУ