Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн газрын дарга нарынхаа хамтаар өнөөдөр /2017.07.27/ аймгуудын удирдлагуудтай цахим хурал хийж, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотойгоор үүрэг даалгавар өглөө.
Өнөө жил нийт нутгийн 60 гаруй хувь гантай байна. Хөвсгөл, Төв аймаг зэрэг хэд, хэдэн аймагт хадлан тэжээл бэлтгэх боломжгүй болсон аж.
Зуншлага арай гайгүй гэж үзсэн зарим нэг аймагт царцаа, үлийн оготно хоёр нь бэлчээр сүйтгэх болжээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн хэмжээнд 15 сумыг нь оготно эзэлжээ. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тус аймгийн 40 мянган га талбайн үлийн цагаан оготно устгах зардлыг шийдэж өгсөн. Үүнийг 120 мянган га талбай болгон нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа дээрх видео хурлын үеэр орон нутгийн зүгээс тавилаа.
Оготно устгах ажлыг эрчимтэй хийхгүй бол төмс, хүнсний ногооны ургалтад ч нөлөө үзүүлж буй юм байна.
Засгийн газрын хуралдаанаас саяхан өвс, тэжээл экспортлохыг хориглох шийдвэр гаргасан. Гэвч тус аймгийн удирдлагууд хилийн боомт дээр байгаа 60-70 мянган тонн өвс тэжээлийг БНХАУ-руу гаргахаар төлөвлөж байна гэдгээ энэ үеэр онцоллоо. Мөн хадлан бэлтгэдэг талбайнуудад 50-60 мянган тонн өвс бий аж.
Тус аймаг нь Улаанбаатар хотоос 700-800 км алсад байрладаг. Эдгээр бэлтгэсэн өвс, тэжээл нь өнгөрсөн жилийнх. Үүнийг буцаагаад нийслэлд хүргэхэд тээврийн зардал өндөр гарна. Дээр нь эдгээр өвс, тэжээлийг экспортод гаргахгүй гэсэн шийдвэрээс болж, зарим нэг бэрхшээл гарсан гэж хэллээ. Иймээс өвс, тэжээлийг экспортод гаргах асуудал чухлаар тавигдаж байгаа аж.
Энэ өвөл аймгийн хэмжээнд 3.4 сая толгой мал өвөлжих төлөвтэй байна.
Хөвсгөлд 5 сая толгой мал өвөлжих ч хадлан бэлтгэх боломжгүй
Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ жил нийт нутгаар гантай, гандуу. Зуншлага тааруугаас мал тарга тэвээрэг авч чадаагүй, сүү сааль ч гараагүй байна.
Одоо бороо хур орлоо ч тачир ургасан бэлчээрийг л бага зэрэг тордоно, өвс, тэжээл бэлтгэх боломж бүрдүүлэхгүй. Тиймээс хадлангаа хаанаас бэлтгэх вэ гэдэг нь хамгийн их санаа зовоосон асуудал болж хувирчээ.
Хөвсгөл аймаг нь малын тоо, толгойгоороо улсдаа тэргүүлдэг байна. Энэ өвөл 5 сая толгой мал өвөлжинө гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Үүнээс 1 сая толгой мал нь отор нүүдэл хийхээс аргагүй нөхцөл байдал үүсэж буй аж.
Иймээс энэ жил 1 сая толгой мал худалдан борлуулж, хүнсний хэрэгцээнд зориулах төлөвлөгөө гаргажээ.
Ургацын хувьд 1572 га газарт үр тариа тариалсан. Үүнээс 170 га нь усалгаатай газар тариалан аж. Усалгаатай тариаланд асуудал үүсээгүй. Харин бусад тариалалт хүндрэлтэй байгаа. Урьдчилсан байдлаар 40 хувь ургац алдах тооцоо гарчээ.
Хэнтий хадлан хадах боломжгүй
Хэнтий аймгийн хувьд мөн л зуншлага тааруу. Нийт 4.8 сая толгой мал өвөлжих ч хадлан тэжээл бэлтгэх боломжгүй байна.
Иймээс өөр аймгийн нутгаас хадлан, тэжээл бэлтгэх боломжоор хангаж өгөхийг энэ үеэр салбарын сайдаасаа хүслээ.
Аймгийн хэмжээнд энэ хавар 28400 га-д тариалалт хийсэн ч хэт халалтын улмаас ургац алдахаар байна.
Малын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх шүлхий вакцин шаардлагатай. Есөн сумын үхэрт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт хийсэн байсан нь хугацаа дуусаж буй аж. Иймээс энэ асуудалд анхаарч, вакцин нийлүүлэхийг хүсэв.
Булганд 330 мянган мал оторт гарчээ
Зуншлага сайтай байдаг Булган аймгийг энэ жил мөн л ган нөмөрчээ. Нийт нутгийнх нь 10 хувь л зуншлага гайгүй юм байна.
Үүнээс болж, 330 мянган толгой мал оторт явж буй аж. Малчдын хувьд гайгүй гэж үзэн ус бэлчээр даган очсон зарим газар нь төдий л зуншлага сайтай биш байх тохиолдол ч бий. Үүнээс болж, хаашаа нүүдэл отор хийх вэ гэдэг талаар аймгийн удирдлагууддаа ч хандах болжээ.
Зуншлага тааруугаас хадлан бэлтгэх боломжгүй байгаа. Энэ нь өвлийн бэлтгэл хангахад хүндрэл учруулж байна гэдгийг холбогдох албаны хүн өглөө.
Цахим хурлыг техникийн саатал гарсан Баянхонгороос бусад аймагтай бүгдтэй нь хийв.
Улмаар Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотой үүрэг даалгавар өглөө. Үүнд хадлан тэжээл бэлтгэх газраа оновчтой болгох, отор нүүдэл хийх газраа эртнээс аймгийн удирдлагууд ярилцаж, тодорхой болгох.
Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай гэсэн гуравхан аймаг эрүүл бүс тул өөр газраас ирж байгаа малд анхаарах. Мал, мах экспортлох ажлыг зөв зохион байгуулах зэрэг хэд, хэдэн чиглэлээр даалгавар өгсөн юм.