Арилсан хутагтын орны номын их элч Бакула Ринбүүчийн хойд дүр 20 дахь Бакула Ринбүүчиг /Станзин Наваан Жигмэд Вангчук/ Бэтүб Данжай Чойнхорлин хийдийн арслант ширээнээ залах шашин номын ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2017.07.27/ 09:30 цагт боллоо.
Бэтүб хийдэд зохион байгуулж буй 20 дахь дүрийн Бакула Ринбүүчиг залах номын ёслолд оролцохоор сүсэгтэн олон олноор цугларсан байлаа. Зарим хүмүүс өглөөний зургаан цагт ирсэн гэдгээ хэлж байв.
“Би өглөөний 08:00 цагт Бэтүб хийдэд ирлээ. Өнөөдөр үнэхээр билэгт сайхан өдөр тохиож байна. Монголын сүсэгтэн олноо Бакула Ринбүүчи багшийн 20 дахь дүр нь морилон ирж байгаад баяртай байна. Миний хувьд үр хүүхдүүдээ, ач, зээ гучаа сайн сайхан амьдруулахын төлөө залбирч, сууна. Би 70 насалсан хүн их багшийн 20 дахь дүрийг хараад сууж байгаа нь сайхан санагдаж байна” хэмээн Ш.Долгор гуай сэтгэгдлээ хуваалцлаа.
“20 дахь дүрийн Бакула Ринбүүчи багшийн залах ёслолд оролцож байгаадаа баяртай байна. Их багшийн буян хишиг монголын ард түмнийг ивээх болтугай гэж ерөөе. Би Сэлэнгэ аймгаас ирж, өнөө өглөө номын ёслолд оролцохоор зургаан цагт ирсэн” тухайгаа Я.Туул хэлэв.
20 дахь дүрийн Бакула Ринбүүчиг арслан ширээнээ залах ёслолд 200 гаруй лам хувраг оролцож, хурал ном хурж байв. Номын хурлын үеэр багшдаа Гүнсүн тугийн мандлыг өргөлөө. Ингэснээр монголын сүсэгтэн олныхоо буян заяаг түшиж, ширээнд заларч буй ламынхаа ирээдүйн ном эрдмийн үйлс дэлгэрэхийн тухайд энэхүү номыг өргөж буйг лам хуврагууд тайлбарлалаа.
Бэтүб хийдийн Хамба лам Ж.Дашдэмбэрэл 20 дахь дүрийн Бакула Ринбүүчиг Монголд анх удаа залах ажлыг санаачлан зохион байгуулсан байна. Тэрбээр “Өнөөдөр Дээрхийн гэгээн XIV далай ламын тодруулсан 20-р дүрийн Бакула Ринбүчи багшийг урьдын гэгээний Улаанбаатар хотноо байгуулсан Бэтүб хийдэд залах ёслолын ажиллагаа болж байна. Номын хурлын үеэр багшдаа Гүнсүн тугийн мандлыг өргөлөө. Бакула Ринбүүчи багш Бэтүб хийдийг анхлан байгуулсан учраас 20 дахь дүрийн Бакула Ринбүүчиг урьд дүрийн анхлан залсан ширээнд нь залах ёслолыг хийж буй юм” хэмээн Бэтүб хийдийн Хамба лам Ж.Дашдэмбэрэл өгүүллээ.
Гэрэл зургийг Э.Энхбат