Монголын Хөлбөмбөгийн Холбооны шүүгчдийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр Малайзын нийслэл Куала Лампур хотод зохиогдож буй АХБХ-ны гишүүн холбоодын шүүгчдийн хэлтсийн тэргүүлэгч нарын сургалтад оролцож байна.
Өчигдөр эхэлсэн сургалтад Азийн 44 орны шүүгчдийн хэлтсийн дарга нар оролцож, мэдлэг туршлага солилцон, шүүгч нарын хөгжлийн талаар чухал асуудлуудыг хэлэлцэж байгаа юм. Эдгээр оролцогч нар дунд Английн төдийгүй дэлхийн хамгийн алдартай шүүгчдийн нэг Марк Клаттенбург гэхээр тус уулзалтын ач холбогдол харагдана. ОУХБХ-ны зэрэглэлтэй /FIFA Referee/ шүүгч Д.Түмэнбаяр нь анх 2002 онд анхан шатны шүүгчийн сургалтад суун 2004 онд албан ёсоор МХБХ-ны шүүгч болж, 2012 оноос шүүгчдийн хэлтсийн захирлаар томлигдон ажиллаж байгаа. Д.Түмэнбаяраас гадна Монгол улсаа төлөөлөн Азийн тивийн тоглолтуудыг дэнсэлсэн Б.Хаш-Эрдэнэ, Э.Ариунболд, Ч.Жавхлантөгс гэсэн ОУХБХ-ны зэрэглэлтэй шүүгчид байдаг. Одоогоор МХБХ-нд бүртгэлтэй 43 шүүгч байгаагаас 32 нь идэвхтэй тэмцээн уралдаан шүүн явуулж байгаа. Энэ сарын 05-нд болсон МХБХ-ны шүүгчдийн хагас жилийн хурлын үеэр дээрх 32 шүүгчийн зэрэглэлд өөрчлөлт оруулсан нь талбайн болон туслах шүүгчийн ангилал тогтоосон явдал юм. Монгол шүүгчид олон улсын жишгийн дагуу талбайн болон туслах шүүгч гэсэн ангилалд хуваагдах болсноос гадна футзалын шүүгчийн зэрэглэлд мөн өөрчлөлт орно. Зөвхөн зэрэглэл бус сургагч багш, орон нутгийн шүүгчдийн хөгжил, гаргасан алдаа дутагдал зэрэг чухал зүйлсийг хагас жилийн тайлангийн хурал дээр тодотгон ярьж, 2022 он хүртэлх шүүгчдийн хөгжлийн хөтөлбөрийн танилцуулсан. Энэ бүхэн нь 2015 онд АХБХ-ны шүүгчийн хэлтсийн дарга нарын уулзалтад оролцсон Д.Түмэнбаярын ажлын нэг хэсэг юм.
Монгол шүүгчдийн төлөөлөл болон хоёр дахь удаагаа Азийн шүүгчдийн туршлагаас судалж, мэдэн, эх орондоо хэрэгжүүлж буй Д.Түмэнбаярт амжилт хүсье.
Монголын хөлбөмбөгийн холбоо
Эх сурвалж: https://www.facebook.com