2017 оны долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын 3475 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлж байна. Тусгай зөвшөөрлийг төрлөөр нь ялгамжилсан болон шинээр олгосон тусгай зөвшөөрлийн тоог доорх хүснэгтээс харна уу.
Тусгай зөвшөөрлийн төрөл | Тоо ширхэг | Монгол орны газар нутгийн эзлэх хувь |
Хайгуулын тусгай зөвшөөрөл | 1879 | 6.5% |
Ашиглалтын тусгай зөвшөөрөл | 1596 | 1.0% |
Нийт | 3475 | 7.5% |
Шинээр олгосон тусгай
зөвшөөрлийн тоо /2015-2017 он/
Сонгон шалгаруулалтаар 10 тэрбум төгрөг, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөөр 17.1 тэрбум төгрөг, кадастрын хэлтсийн үйлчилгээний хөлсөөр 577 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.
Манай улсын кадастрын бүртгэлийн системд цацраг идэвхит ашигт малтмалын орд илрэл бүхий талбай, Цөмийн энергийн тусгай зөвшөөрлүүдийн талбай, газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбай, хайгуул болон, эрлийн талбайн мэдээлэл, солбицлыг нэмж бүртгээд байгаа юм байна.
10.2 сая га талбайд хайгуулын лиценз олгоно
Засгийн газраас баталсан “Сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу тусгай зөвшөөрөл олгох талбайн хил хязгаарыг шинээр батлуулжээ. Энэхүү талбайн хэмжээ өмнөхөөс 1.6 сая гектараар нэмэгдэж, нийтдээ 10.2 сая гектар болсон байна. Мөн тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох талбайн хил хязгаарыг 13.6 сая гектараар нэмэгдүүлж, нийт 31.8 сая гектар талбай болоод байна.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгохдоо нийтэд нээлттэй, ил тод шударга явуулах үүднээс өргөдөл гаргах эрх олгох дугаарыг цахимаар олгох юм байна. Нэг удаагийн цахим дугаар олголтоор 600 дугаар олгохоор болсон нь аж ахуйн нэгжүүдэд илүү боломж бий болгосон гэж АМГТГ-аас мэдэгдэж байна.
Цахим өргөдлийн дугаар авахдаа талбайн солбицлыг оруулахгүй болсноор өмнөх өргөдлийн талбайтай давхцах эрсдэлийг арилгаж, өмнөх өргөдлийн талбайтай давхацсан тохиолдолд нэмэлт өргөдлөөр давхцалгүй хэсэгт хүсэлт гаргах боломжийг нээж өгчээ.
Д.Цээнэ