Шүүхийн захиргааны байгууллагын үйлчилгээний албан хаагчдын төлөөлөл туршлага солилцохоор нийслэлд цуглажээ. Уг арга хэмжээг ‘Монголын шүүхийн ажилтнуудын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллага зохион байгуулж байгаа аж. Энэ үеэр Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газрын ахмад ажилтан Л.Сүрэндоржтой ярилцлаа.
-Та шүүхийн байгууллагад хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?
-Говь-Алтай аймгийн шүүхэд 1994 онд жижүүрээр ажилд орж байлаа. Түүнээс хойш 22 жил шүүхдээ ажиллалаа. 20 жил жижүүр хийгээд сүүлийн хоёр жил сантехникч, засварчнаар ажилласан. Өнгөрсөн жил гавьяаныхаа амралтад гарсан ч шүүхтэйгээ байнга шахам холбоотой байдаг. Шүүхэд ажиллах нэр төртэй шүү дээ. Төрийн хүн, шүүхийн ажилтан гэдэг утгаар хүмүүс хүндэтгэлтэй ханддаг. Хэн дуртай нь мөрөн дээр гараа тавихгүй шүү дээ. Хариуцлагатай, нэр хүндтэй сайхан ажил. Шүүхэд ажиллаж байснаа хувь заяа гэж боддог.
-Анх ажилд орж байх үеийн шүүхээ дурсаач, та?
-Говь-Алтай аймгийн шүүх арван жилийн дунд сургуулийн байранд байдаг байлаа. Шүүгч нь угаалгын өрөөнд байрладаг. Ажлын орчин, нөхцөлийн хувьд үнэхээр хүнд. Шүүх засаглал ядуу, тарчиг байсны илрэл болов уу. Гэхдээ шүүгчид, хамт олон маань одоогийнх шиг эв найрамдалтай нөхөрсөг хамт олон байлаа. Одоо манай шүүх тусдаа байртай. Шинэ байранд орсноос хойш арав гаруй жил ажилласан юм байна. Шүүхийн боловсон хүчин их залуужсан нь анзаарагддаг. Шижигнэсэн залуучууд шүүх эрх мэдэлд ажиллаж байгааг хараад баярлаж, бахархдаг.
–Шүүх үйлчилгээний байгууллага болон төлөвшиж байгаа. Таныг жижүүрээр ажиллаж байх үед иргэд шүүхэд хэр ханддаг байсан бол. Үүдэнд тосч угтдаг байсан хүний хувьд иргэдийн хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаарч байгаа болов уу?
-Иргэд шүүхээс эмээдэг, болгоомжилдог байсан. Асууж, тодруулахдаа хүртэл болгоомжилсон байдалтай байгаа нь анзаарагдана. Бид тосч аваад уулзах хүнийг нь заагаад оруулдаг байсан. Харин одоо иргэд өөр хандлагатай болсон байна лээ. Эрх зүйн мэдлэг нь ч дээшилсэн. Үйлчлүүлэгч гэдэг утгаараа шүүхэд ирдэг учраас асууж, тодруулах зүйлээ айж эмээлгүй асууна. Шаардлагаа ч тавина.
-Та жижүүрээр ажиллаж байхдаа тахар, одоогийнхоор цагдаагийн алба хаагчийн үүрэг гүйцэтгэдэг байсан. Хамгаалалтын хэрэгсэл гэж ер нь байв уу?
-Үнэндээ юу ч байхгүй шүү дээ. Шүүхэд орж ирж байгаа хүмүүсийг уулзах хүнтэй нь холбож өгөх үүрэгтэй шахам л суудаг байв. Хамгаалах хэрэгсэл гэж байхгүй. Орж, гарсан хүмүүсийг бүртгэх цаас, үзэг л байлаа. Тахар шүүхэд ажилладаг болсноор хамгаалалтын хэрэгсэлтэй, аюулгүй байдлыг нь хангаж ажилладаг болсон. Одоо цагдаагийн алба хаагчид ч тийм байх.
-Шүүхийн өрөө тасалгаа, хавтаст хэрэг хэр найдвартай байв?
-Бас л тааруу. Зарим өрөөний цоож нь эвдэрчихсэн байх жишээтэй. Ажилтнуудад ‘Хаалгаа лацдаарай” гэж хэлэхээс хэтэрдэггүй байв. Азаар шүүхэд халдсан, хулгайч орсон тохиолдол гараагүй. Иргэд шүүхээ хүндэтгэдэг, эмээдэг байсан учраас элдэв асуудал гардагггүй байсан болов уу. Шүүхийн байгууллага онцгой байх ёстой. Тийм ч учраас шинэтгэл эхэлснээс хойш тахар, дараа нь цагдаагийн алба хаагч шүүхийн аюулгүй байдлыг хангадаг болсон. Үзэг, цааснаас өөр ‘зэвсэггүй” шүүхээ хамгаалдаг байсан бидний үе ард хоцорчээ.
-‘Монголын шүүхийн ажилтнуудын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагаас шүүхийн үйлчилгээний албан хаагчдын уулзалтыг зохион байгуулж, туршлага солилцох боломжийг олгож байна. Монголын бүх шүүхийн төлөөлөлтэй уулзаж, танилцахад сайхан байна уу?
-Маш сайхан байна. Шүүхийн захиргааны дээд байгууллагадаа орж үзээгүй байлаа. Өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд ирж үзлээ. Миний төсөөлж байснаар их сайхан байгууллага байна. ‘Шүүх” гэдэг үгийг сонсоход л сайхан санагддаг надад Шүүхийн ерөнхий зөвлөлд ирэх, шүүхэд ажилладаг хүмүүстэй танилцах маш сайхан байна.
Шүүхийн шинэтгэл эхэлснээс хойш захиргааны албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд багагүй анхаарч байгаа. Тийм ч учраас ажилтан, албан хаагчид ажилдаа дуртай, итгэлтэй байдаг болсон нь анзаарагддаг.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: www.judcouncil.mn