Энэ сарын 25-нд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгонд үерийн гамшигт үзэгдэл болж, хоёр бага насны хүүхэд, нэг том хүний амь насыг авч одлоо.
Амь эрсэдсэн бага насны хоёр хүүхдийн нэг болох 3 настай хүүхэд нь тавиул хүүхэд байсан гэдгийг хэсгийн ахлагч нь хэлж байлаа. Харин таван настай охин ирэх намар сургуульд орох байсан тухай эмээ нь нулимстай өгүүлсэн юм.
Тэрбээр “Талийгчийн аав гомдолтой байгаа. Тэнгэр муухай дуугарч байхад цуглаанаа тарааж л байдаг. Нэгэнтээ хүүхдүүдийг цуглуулсан юм чинь харж, хамгаалж байгаад тараах ёстой шүү дээ. Уг нь эцэг, эх нь ирж автал ганцыг нь ч гаргахгүй харж байх ёстой байхгүй юу. Өмнө нь долоо хоногийн бямба, ням гаригт цуглаанаа зохион байгуулдаг байсан. Гэтэл яагаад л гэнэт мягмар гаригт тэр олон хүүхдүүдийг цуглуулсан юм бол” хэмээн ярилаа. Ингээд талийгаач охины эмээгийн яриаг хүргэе.
-“Гай зовлон хэлж ирдэггүй, хийсэж ирдэг” гэдэг. Үнэхээр харамсалтай байна. Та бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Цуглаанаа тараад талийгаачтай хамт хоёр хүүхэд гэр рүүгээ харьж явсан гэсэн. Хамгийн хол гэртэй гурван хүүхэд л үерийн усанд урссан байна?
-Тэр өдөр /2017.07.25/ манай гурван хүүхэд машинд дайгдаад явж байгаад яг үер буух үеэр гэр рүүгээ гүйж байсан юм билээ.Тэгээд л үерт урссан байх. Хүүхдүүдээ тэр христийн цуглаан руу явсныг ч мэдээгүй. Бид “Битгий тийш яваа” гэж хэлж байж байсан. Нэг охин маань арай том есдүгээр ангид сурдаг байсан учраас эгчээ дагаад явчихсан байна лээ. Тэр хоёр хүүхэд нь нэг айлын хүүхдүүд юм л даа. Үерийн усанд урсаж, эмнэлэгт хүргэгдээд байгаа.
-Одоо тэдний биеийнх нь байдал хэр байгаа бол?
-Одоогоор есдүгээр ангид сурдаг охины маань бие цохигдож, шалбарсан шарх сорвитой хөлөө битүү боочихсон байна лээ. Бага хүүхдийнх нь бие гайгүй болж байна лээ. Тэр өдөр хоёулаа тэврэлдчихсэн үерийн усанд урсаж явж байхад нь хүн татаж гаргасан гэсэн.
-Талийгаачийг хайх эрлийг хэзээнээс зохион байгуулж, хэдэн цагт олсон бэ?
-Бороо зогссоны дараагаар бид тэр хавиараа газруудыг ухсан. Тэгтэл цаана хайгаад байсан чинь наана айлын нурсан юмны доогуур орчихсон байсан гэсэн. Тэр өдөр онцгойгийн албаныхан их орой ирж, шөнийн 00:20 цагт олсон. Уг нь зээ охин минь гэртээ нэлээд дөхөж ирээд л үерийн усанд цохигдсон юм шиг байна лээ. Хүүхэд болсон хойно үергүй тал руугаа гарахгүй үерийн усыг гатлаад гарчихна гэж бодсон байх л даа. Энэ тосгонд одоогоос хоёр жилийн өмнө айхтар үер болж, айлуудын хашаа тэр чигээрээ урссан. Гэхдээ хүний амь нас эрсдээгүй юм. Ядаж захиргааны зүгээс үер усны суваг шуудуугаа сайн татчихдаггүй муу байна.
-Тосгоны зарим иргэд бороо орж эхлэхэд цуглаанаа тараасан гэж хэлсэн?
-Талийгчийн аав гомдолтой байгаа. Тэнгэр муухай дуугарч байхад цуглаанаа тарааж л байдаг. Нэгэнтээ хүүхдүүдийг цуглуулсан юм чинь харж, хамгаалж байгаад тараах ёстой шүү дээ. Цуглаанд ирсэн хүүхдүүдээс сүүлд үлдсэн хүүхдүүдийг гаргахгүй байсан гэсэн. Уг нь эцэг, эх нь ирж автал ганцыг нь ч гаргахгүй харж байх ёстой байхгүй юу. Өмнө нь долоо хоногийн бямба, ням гаригт цуглаанаа зохион байгуулдаг байсан. Гэтэл яагаад л гэнэт мягмар гаригт тэр олон хүүхдүүдийг цуглуулсныг мэдэх юм алга.
Ямар насны хүүхдийг цуглаанд явуулдаг юм бол. Заримдаа хүүхдүүдийн гар, хөл дээр нь элдэв юм зурчихсан байдаг. Талийгаач охин үсний даруулга байхгүй гэж байсан чинь үсний даруулга бэлэглэсэн гэж байна лээ. Гаранд нь олон өнгийн зүйл зүүчихсэн байсан гэсэн. Хүүхдүүдийг хүүхэд л болсон хойно чихэр боов, гоё зүйлээр хуураад л “Цуглаанд ирээрэй” гээд дуудаад байдаг юм.
-Талийгч охин айлын хэд дэх хүүхэд байсан бэ?
-Зээ охин минь энэ жил нэгдүгээр ангид суралцах ёстой байсан. Ээж нь Жаргалант тосгоны сургуульд багшилдаг. Одоо нялх хүүхэдтэй учраас декриттэй байгаа. Талийгаач дээрээ гуравдугаар ангид сурдаг нэг ахтай, нялх нэг дүүтэй.
-Танайд цуглааныг зохион байгуулсан багш нар ирсэн үү?
-Энэ цуглаан манай тосгонд үйл ажиллагаагаа явуулаад удаж байгаа. Монгол, Солонгос багш нартай юм шиг байна лээ. Одоогоор цуглааны зүгээс бидэнтэй ирж уулзсан зүйл байхгүй. Онцгой байдлын газрын удирдлагууд цуглааны багш нарыг дуудсан чинь “Бидний буруу” гэж хэлсэн гэж сонссон.
-Ээж, аав нь хот руу явсан гэв үү?
-Одоо энд ээж нь нялх хүүхэдтэй, сэтгэлзүйн цочролд ороод байж байна. Аавынх нь хувьд гомдолтой л гээд байгаа. Талийгаачийн биед шүүх эмнэлгээс задлан хийнэ гээд байгаа гэсэн. Нэгэнтээ үерт урссан учраас ар гэрийнхнийх нь зүгээс задлан хийлгэмээргүй байна гэдгээ хэлсэн. Өнөөдөр аав нь хотод талийгаачид задлан хийлгэхгүй гээд л сахиад сууж байгаа. Уг нь өргөдөл бичиж өгөөд л шарилын авч болно гэсэн чинь өнөө өглөө заавал задлан хийнэ гээд өгөхгүй байна гэх юм.
Гэрэл зургийг Э.ЭНХБАТ