Оросод суух АНУ-ын элчин Жон Хантсман гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2017.07.27-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Оросод суух АНУ-ын элчин Жон Хантсман гэж хэн бэ?

Оросод суух АНУ-ын элчин Жон Хантсман гэж хэн бэ?

Дональд Трамп маш удаан хугацаанд бодож тунгаасны эцэст ОХУ-д суух шинэ элчин сайдаа томиллоо. Энэ албан тушаалд рок хөгжимчин, мормон шашинтан, хятад судлаач, Сингапур болон БНХАУ-д элчин сайдаар ажиллаж байсан, Юта мужийн захирагч асан Жон Хантсман нэр дэвшиж байна. Одоо түүнийг АНУ-ын Конгрессын гишүүд баталгаажуулах ёстой. Гэхдээ энэ үйл явц протоколын шинж чанартай болно гэж судлаачид харж байгаа юм. Учир нь Конгресст суугаа Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын гишүүд түүнд хүндэтгэлтэй ханддаг ажээ. Гэхдээ Жон Хантсман гэж хэн бэ? Түүнээс юу хүлээж байна вэ гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна.

Карьерын алтан үе

Жон Хантсманы намтар маш өвөрмөц. Тэр бол том бизнес эрхлэгчийн хүү. Залуу насандаа тэрбээр рок хөгжимд дурлаж, улмаар боловсролыг орхисон билээ. Хожим нь ухаан сууж, өөрийн боловсролд анхаарах болсон ч, мормон шашинд суралцаж, Тайваныг зорьж байсан удаатай. Дараа нь Жон Хантсман төрийн албанд орж, тухайн үеийн Ерөнхийлөгч Рейганд зүтгэж байсан. Тэрбээр АНУ-ын дөрвөн Ерөнхийлөгчтэй хамтран ажиллаж байсан туршлагатай эрхэм билээ.

Ханстман бол чөлөөт худалдааны үзлийг магтагч. Тэр 2001-2003 онуудад жижиг Бушын үед худалдааны төлөөлөгчийн орлогчийн албан тушаалыг хашиж байсан бөгөөд БНХАУ-ыг Дэлхийн худалдааны байгуулагад татан оруулж, тус улстай худалдааны дайн хийхийн эсрэг зогсдог байлаа. Энэ алхамыг нь тухайн үед Дональд Трамп шүүмжилж байсан удаатай. 2011 онд Хантсман Дональд Трампын олон улсын худалдааны сургуулийн дэмжигч биш гэдгээ зарласан. Энэ мэдэгдлийг Трамп зүгээр өнгөрөөсөнгүй. Тэр твиттер хуудаснаа Ханстманыг “туйлбаргүй” хэмээн нэрлэж, “Цаг хугацаа бол мөнгө. Харин би өөрийнхийгөө үрэхийг хүсэхгүй байна” гэж жиргэж байсан удаатай. Гэхдээ талууд 2016 онд эвлэрсэн. Энэ нь Жон Хантсман Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампыг дэмжиж оролцсон байдлаас харагддаг.

Үүнээс гадна америкчууд эртнээс мормончуудыг үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй тэрс үзэлтнүүд гэж хүлээн авдаг байв. Мөн Засгийн газар нь тэднийг улс төрийн чухал үйл ажиллагаанд оролцуулдаггүй байлаа. Мормончууд өөрсдийгөөө “Америк” гэдгийг батлахын тулд улс төр, эдийн засаг, цэрэг, худалдааны салбарт тэргүүн эгнээнд явдаг. Үүний нэг тод жишээ бол Бүгд Найрамдах намын гишүүн, мормон шашинтан Митт Ромни билээ. Тэр сүүлийн арван жилийн хугацаанд АНУ-ын геополитикийн гол дайсан бол Орос хэмээн нэрлэж, Америкийн үзэл баримтлалыг хамгаалж ирсэн.

Зөв сонголт

Жон Ханстман бол зарчимч, тууштай гэдгээрээ бусдаас ялгардаг гэж ихэнх шинжээчид дүгнэдэг. Түүний энэ онцлог улс төрд дээд зэрэглэлийн гэж эртнээс үнэлэгдэх болжээ. Гэхдээ энэ нь Хантсманы улс төрийн карьерт тус болоогүй. Учир нь түүний улс төрийн технологи өрсөлдөгч нарынхаа эсрэг хар пиар ашиглахыг хэзээ ч зөвшөөрдөггүй байсан. Энэ зарчим нь улс төрийн карьерт нь сөргөөр нөлөөлсөн ч үнэ цэнэтэй дипломатч байхад том хувь нэмэр оруулжээ. Жон Хантсман бол Ерөнхийлөгч том Буш болон Клинтоны үед Сингапур дахь элчин сайд, Обамагийн үед БНХАУ-д дахь элчин сайдаар тус тус ажиллаж байсан туршлагатай.

Азид таван жил амьдарсан тэрбээр энэ хугацаанд онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд болон чадварлаг хэлэлцээр хийдэг дипломатч гэдгээрээ алдартай болсон. Мөн Хантсман өөрийн багтаа олон тооны зөвлөх, шинжээчдийг багтаагаагүй гэдгээрээ бусдаас ялгардаг. Тэрбээр мэргэжлийн улс төрч бол дээд зэрэглэлийн шинжээч, сэтгэлзүйч байх шаардлагатай гэдэгт үргэлж итгэдэг байсан бөгөөд олон улсын улс төрийн будлианыг өөрөө зохицуулах гэж хичээдэг нэгэн.

Тэр бол нийгмийн бүхий л давхаргын хүмүүстэй амархан хэл амаа олчихдог чадварлаг улс төрч. Энэ ч үүднээс тэрбээр богино хугацаанд голлох үндэстэн дамнасан корпорацитай сайн харилцаа тогтоож чадсан бөгөөд “Ford Motor Company”, “Chevron Corporation”, “Hilton Worldwide” зэрэг компанийн Удирдах зөвлөлд өөрийн байр сууриа олж чадсан билээ. Мөн Хантсман АНУ-ын голлох гадаад бодлогын шинжлэх ухааны төвийн нэг Atlantic Council төлөөлөгчөөр ажиллаж байв.

Гэхдээ зарим судлаачдын үзэж буйгаар, АНУ ихэнхдээ Оросод суух элчин сайдын албан тушаалд Орос судлаач эсвэл Европын асуудал хариуцсан шинжээчдийг томилдог. Харин Хантсман бол энэ төрлийн хүн биш. Гэхдээ тэр чадварлаг элчин сайд байсан гэдэг нь өнгөрсөн хугацаанд ажиглагдсан гэжээ. Мөн түүний гэр бүл Орос улсад бизнесийн ашиг сонирхолтой. Эцэг нь Оросын нутаг дэвсгэр дээр химийн хэд хэдэн үйлдвэр байгуулсан. Мөн олон тооны хөтөлбөрийг санхүүжүүлж байв.

2012 оны Ерөнхийлөгчийн сунгааны үеэр тэр эрчим хүчний корпорациас найман сая ам.доллар авсан удаатай. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон болон Эрчим хүчний сайд Рик Перритай дотны найзууд. Рекс Тиллерсон өмнө нь Exxon Mobil компанийг удирддаг байв. Харин Рик Перра Chevron компаний нөлөө бүхий лоббичин байсан. Хантсманы энэ холбоо АНУ-д маш чухал.

Учир нь Exxon болон Chevron корпораци АНУ-аас ОХУ-д авах гэж буй шинэ хоригийг эсэргүүцэж байгаа юм. Хэрвээ үүнээс болж Вашингтон Москвагийн харилцаа муудсан тохиолдолд тэдгээр корпорациудын ашиг сонирхолыг хамгаалах хүн тэдэнд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шинэ элчин сайд оросуудад газрын тосны корпорациуд хоригийн эсрэг байр суурьтай байгаа бөгөөд цаашид ОХУ-тай хамтран ажиллана. Гэхдээ хоригийг цуцлахад нөлөөлж чадахгүй гэсэн байр суурийг дамжуулах хүн хэрэгтэй гэсэн үг юм. Үүнийг ч Трамп маш сайн ойлгож байгаа. Иймээс Москвад Вашингтоноос өгч буй үүргийг гүйцэтгэх мөн улс төрийн тоглоомын нарийн өнцгийг олж, түүнд хариу өгөх хүн Трампад хэрэгтэй. Энэхүү хүнд даалгаварыг Жон Хантсман гүйцэтгэж чадна гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ тэр бол АНУ-ын Оростой харилцах шинэ стиль, шинэ хэл байх нь ойлгомжтой юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж