Шатахууны үнэ нэмэгдэнэ гэж бүү ай

Хуучирсан мэдээ: 2017.07.27-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ нэмэгдэнэ гэж бүү ай

Монголын мал 50 саяд хүрсэн энэ цаг үед малын халдварт өвчнөөс сэргийлэх зайлшгүй шаардлага гарч буйг салбарынхан онцолж байгаа.

Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-аас өчигдөр (2017.07.26) салбарынхаа хагас жилийн ажлын тайланг олон нийтэд мэдээлэв. Оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний олборлолт хийгээд экспорт нэмэгдсэн нь гэрэл гэгээтэй мэдээллийн нэг байлаа. Бүс нутгийн хэмжээнд гарсан өөрчлөлтөөс үүдэн нүүрсний олборлолт, экспорт өсч байгаа бөгөөд он дуустал тэрхүү эрчээ алдалгүй урагшлах хамгаас чухал байгааг олон улсын шинжээчид тодотгож байгаа юм.

Бас нэгэн анхаарал татахуйц мэдээлэл бол шатахууны үнэ ханш байлаа. Засгийн газрын 207 тоот тогтоолоор долдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татвар (ОАТ)-ыг өсгөсөн. Дизель түлшний ОАТ 70,000 төгрөг байсныг 110,000 төгрөгөөр нэмж 180,000 төгрөг, 90-ээс дээш октантай автобензиний онцгой албан татвар 30,000 төгрөг байсныг 130,000 төгрөгөөр нэмж 160,000 төгрөг, 90 хүртэл октантай авто бензины онцгой албан татвар 50,000 төгрөг байсныг 110,000 төгрөгөөр нэмж 160.000 төгрөг болгон нэмэгдүүлсэн.  Хэдийгээр газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татвар нэмэгдсэн ч шатахууны үнийг тогтвортой барьж чадаж байгаа гэдгийг мэргэжилтнүүд мэдээллийн үеэр онцоллоо.  Ийнхүү  газрын тосны бүтээгдэхүүний ОАТ багагүй хувиар  нэмэгдсэн ч шатахууны үнийг тогтвортой барьж чадаж байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Харин хойшид яах вэ, ОАТ-ын өсөлт шатахууны жижиглэн худалдаанд хэзээ нөлөөлөх вэ гэсэн асуултад бид хариу хүслээ.

-Дэлхийн зах зээл дээр түүхий тосны үнэ буурах төлөвтэй байгаагийн дээр хилийн үнэ буурсан. Мөн дотоодын зах зээлд валютын ханш хэлбэлзэлгүй хэвийн байгаа зэргээс шалтгаалан шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй барьж чадаж байгаа. Хойшид шатахууны нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарна. Тиймээс ОАТ өссөнөөр  шатахууны үнэ нэмэгдэнэ гэж болгоомжлох хэрэггүй гэлээ.

Газрын тосны бүтээгдэхүүний ОАТ-ыг нэмэгдүүлэх шийдвэр гарснаас хойш (долдугаар сарын 18-24-ний өдрүүдэд) манай улс багагүй хэмжээний шатахууныг импортолжээ. Тухайлбал, ОХУ-аас Сүхбаатар боомтоор А-80 автобензин 2100.7 тонн, Аи-92 автобензин 9236.8 тонн, Аи-95 автобензин 917.2 тонн, дизелийн түлш 40431.1 тонн, ТС-1 онгоцны түлш 354.4 тонн, Эрээнцав боомтоор дизелийн түлш 2036.6 тонн, Боршоо боомтоор А-80 автобензин 113.8 тонн, Аи-92 автобензин 76.8 тонн, дизелийн түлш 127.9 тонн, Замын Үүд боомтоор дизелийн түлш 3292.0 тонн газрын тосны бүтээгдэхүүн ытус тус орж ирээд байна.

Ингэснээр улсын хэмжээнд ердийн хэрэглээний 45 хоногийн шатахууны нөөцтэй болсон байна. Нөөцийн дундаж хэмжээ 123.1 мянган тонн юм байна. Үүнээс А-80 автобензин 50 хоног, Аи-92 автобензин 43 хоног,  дизелийн түлш 46 хоног, ТС-1 онгоцны түлш долоо хоногийн нөөцтэй байгаа гэнэ.

Ийнхүү мэргэжлийн байгууллагын зүгээс шатахууны үнэ юү юүгүй нэмэгдэх нь гэж айлтгүй  гэдгийг онцгойлон санууллаа. Үүнийг дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ ханш буурч байгаагаар тайлбарлаж байна. Долдугаар сарын 21-ний өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 365.16 ам.доллар /баррель нь 48.06 ам.доллар/, “WTI” төрлийнх 357.14 ам.доллар /баррель нь 45.77 ам.доллар/ ханштайгаар хаагдсан байна. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад “Brent” түүхий тос 1.74 хувь, “WTI” төрлийн түүхий тос 1.65 хувиар тус тус буурсан гэдгийг АМГТГ-ынхан онцлов.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод А-80 автобензин 1470 төгрөг, Аи-92 автобензин 1630 төгрөг, дизель түлш 1720 төгрөгөөр борлуулж байна. Бөөний борлуулалт А-80 автобензин 1250-1330 төгрөг, Аи-92 автобензин 1350-1410 төгрөг, дизель түлш 1360-1450 төгрөг, орон нутагт А-80 автобензин 1290-1580 төгрөг, АИ-92 автобензин 1380-1690 төгрөг, дизель түлш 1390-1820 төгрөгөөр худалдаалагдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж