Охины цогцсыг нурсан барилга дороос олжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.26-нд нийтлэгдсэн

Охины цогцсыг нурсан барилга дороос олжээ

“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа саяхан охинтойгоо Сингапурт амраад иржээ.

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

Үерийн усанд урссан машин, хашаа хороо, шалбаагтай гудамжнууд Жаргалант тосгоны дүр зураг. Түр зуурын аадар борооны улмаас гудамжинд үүссэн шалбаагийг хусаж, цэвэрлэж ачиж байх үеэр манай сурвалжлах групп тус тосгонд очлоо. 

Талийгаач охин ахынхаа хоёр хүүхэдтэй харьж явжээ

Христийн цуглаанд оролцоод, борооноор гэр лүүгээ гүйж явсан тавхан настай бяцхан охин үерийн усанд урсаж амь насаа алджээ. Тэр өдөр талийгаачтай хамт есдүгээр ангийн охин өөрийн зургаан настай дүүгээ дагуулан явж байсан гэдгийг тосгоны иргэд хэлж байв. Азаар үерийн усанд урсаж явсан эгч дүү хоёрыг нэгэн иргэн аварсан ч таван настай охиныг аварч чадаагүй байна. Ийн аадар борооны дараагаар ар гэрийнхэн нь охиныг хайсан боловч шөнийн 00:20 цагт Онцгой байдлын албан хаагчид айлын нурсан барилга дороос цогцсыг олсон байна.

Христийн цуглааны байр

Талийгаач таван настай охины эмээ Б.Баярхүү “Манай гурван хүүхэд цуглаанаас гараад машинд дайгдаад суусан юм билээ. Тэгээд яг үер бууж байхад машинаас буугаад гэр рүүгээ гүйсэн юм шиг байна. Нэгэнтээ цуглуулсан хүүхдүүдийг бороо намдахаар гаргаж болоогүй юм байх даа. Бороо орж эхлээд л тар гээд тараасан гэсэн. Цуглааны багш нар нь сүүлд үлдсэн хүүхдүүдээ гаргаагүй гэсэн. Бүх хүүхдийг л гаргахгүй байх ёстой биз дээ. Уг нь бямба, ням гаригт л цугладаг байснаа мягмар гаригт хүүхдүүдийг яагаад цуглуулсныг ойлгох юм алга” гэв. 

Гадны шашны байгууллагуудыг цэгцлэх хэрэгтэй байна. Тэр олон айлын хүүхдүүдийг цуглуулчихаад бороо оронгуут цуглаанаа тараасан гэсэн. Тэгсэн мөртлөө өөрсдөө автобусанд суугаад уулан дээр гараад инээлдээд зогсож байсан гэж зарим хүмүүс хэлж байна лээ. Манай тосгонд үйл ажиллагаагаа явуулаад удаж байна. Тэр амиа алдсан гээд байгаа 40 настай эмэгтэй бол хүүхдээ аваад, харих гэж байгаад л амь насаа алдсан байх хэмээн тосгоны иргэд бухимдангуй ярилаа. 

28 айл өрхийн гэр, хашаа нурж, дөрвөн машин үерт урссан

Тосгоны оршин суугчид үерт автсан гэрийнхээ дээвэр туургыг хатаахаар хашаан дээрээ тохож, шавартай барьцалдсан тавилгаа цэвэрлэж, цэгцэлж байлаа. Зарим айлын хашааны үүдэнд угаалгын машин, хувин сав гэх мэт гэрийн тавилга, хэрэгсэл урсаж, ирсэн харагдана. Хэсэг иргэд үерийн усанд урссан машиныг гаргаж байхдаа таарсан юм. Тэд өчигдрийн борооноор дээд гудамжнаас дөрвөн машин урсаж орж ирсэн гэдгийг хэлж байв.

тосгоны иргэн Б.Болдбаатар

“Сая орсон аадар борооноор гурван хүний амь эрсэдлээ. Бас мал урссан сураг дуулдлаа. Манай хашаанд байсан хоёр гэр тэр чигтээ үерт автсан. Арын айлын модон хашааг урсгаад, хажуугийн айлын блокон хашааг зад цохиод үерийн ус орж ирсэн. Гэрийн тавилга гэж авах юм алга. Гэрийн тавилгууд усанд автаж, зарим нь хөвж байсан. Одоо гэрт байгаа шавраа зөөж, дээвэр туургаа хатаагаад л байж байна. Энэ гудамжны шаврыг ч гэсэн цэвэрлэх хэрэгтэй байна. Эндээс л халдварт өвчин гарна шүү дээ” хэмээн тус тосгоны иргэн Б.Болдбаатар гуай халаглан өгүүллээ. 

Энэ сарын 25-нд 16:30 цагийн орчимд түр зуурын хүчтэй бороо орсны улмаас долоон гэр барих боломжгүйгээр урссан гэсэн мэдээлэл байна. Мөн 28 айл өрхийн гэр, хашаа нурсан бөгөөд дөрвөн машин үерт урссан гэсэн мэдээлэлтэй байна. 

Үерт урссан нэг айлын хоёр хүүхэд амьд гарчээ

Жаргалант тосгоны захиргаанд ортол Онцгой комисс хуралдаж, хийх ажлаа хуваарилж байв. Өчигдрийн /2017.07.25/ орсон түр зуурын аадар борооноор хоёр бага насны хүүхэд, нэг том хүн эрсэдсэн харамсалтай мэдээг тосгоны удирдлагууд дуулгасан юм. 

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын дарга, дэд хурандаа А.Батбаяр

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын дарга, дэд хурандаа А.Батбаяр ярихдаа “Өчигдөр Нийслэлийн онцгой байдлын газар Жаргалант тосгонд ирж шуурхай хуралдсан. Мөн манай Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр Онцгой комисс тосгоны нөхцөл байдалтай танилцаж, хуралдсан. Энэ сарын 25-нд орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас хоёр хүүхэд, нэг том хүний амь нас эрсэдсэн байгаа. Мөн хоёр хүүхэд Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байна. Өчигдөр орой/2017.07.25/ бидэнд таван настай эмэгтэй хүүхэд олдохгүй байна гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу нийслэлийн аврах салбар ажиллаж, шөнийн 00:20 минутанд эрлийг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн” гэв.

Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр тосгоны удирдлагууд шуурхай ариутгал халдваргүйжилтын ажлыг зохион байгуулж, далан сувгийн лаг шавруудыг цэвэрлэх ажиллагааг дүүргийн гамшгаас хамгаалах албадтай хамтран зохион байгуулж байна. 

Усны хоёр машин ундны усаар хангаж байна

Жаргалант тосгонд улсын гурав, хувийн найман худаг үйл ажиллагаа явуулдаг байна. Одоогоор тосгоны бүх худгийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа гэдгийг онцгойгийн албан хаагчид хэлж байсан юм. Харин тосгоны ард иргэдэд Ус сувгийн удирдах газрын хоёр усны машин ундны усаар хангаж байгаа ажээ. 

Сонгинохайрхан дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэсийн дарга Н.Мөнгөн-Эрдэнэ

“Удахгүй Ус сувгийн удирдах газраас иргэдийг ундны усаар хангана. Одоогийн байдлаар усны хоёр машин явж, иргэдэд ус өгч байгаа. Хүмүүс ус авах нь бага байна гэж жолооч нь хэлж байна” хэмээн Сонгинохайрхан дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэсийн дарга Н.Мөнгөн-Эрдэнэ танилцууллаа. 

хэсгийн ахлагч Д.Чимэддагва

Гамшигт үерийн дараагаар тосгоны хэсгийн ахлагч нар их цэвэрлэгээний ажилтай тун завгүй ажиллаж байсан юм. “Жаргалант тосгоны төв хэсэг болох манай хэсэг саяны үерт хамгийн их өртсөн. Энэ хэсэгт нэлээд хэдэн айл өрхүүд усанд автаж, машин тэрэг урссан. Мөн таван настай эмэгтэй хүүхдийн амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа. Одоогоор манай хорооны бүх хэсгийн ахлагч гудамж дахь хогоо цэвэрлэж, иргэд ч өөрсдөө гэр орон, хашаагаа цэвэрлэцгээж байна” гэж хэсгийн ахлагч Д.Чимэддагва гуай ярилаа.

Гэрэл зургийг Э.Энхбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж