Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал энэ парламентын үед хөндөгдөж буй биш, өмнөх УИХ-ын дарга асан З.Энхболдын захирамжаар УИХ-ын дэд дарга асан Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байв.
Тус ажлын хэсэгт УИХ дахь намын бүлэг бүрээс төлөөлөл багтсаны зэрэгцээ эрдэмтэн судлаачид оролцож, 2 жил гаруй хугацаанд ажилласнаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсчээ” гэсэн дүгнэлт гаргасан юм.
Гэвч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж чадалгүй бүрэн эрхээ дуусгасан.
2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ мөн Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн, өнгөрсөн оноос ажиллах болсон. Засгийн газар ч эрдэмтэн, судлаачид оролцсон ажлын хэсэг байгуулан ажилласан юм.
Улмаар өнгөрсөн тавдугаар сард ард түмний зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, саналыг нь сонсон, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой дүгнэлт гаргасан. Эцэст нь УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг бүх талын саналыг багтаасан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулж УИХ-д өргөн бариад байгаа.
Төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих, Ерөнхий сайдад илүү эрх мэдэл олгож, Засгийн газраа байгуулах эрх мэдэлтэй байх. Парламентын тогтолцоогоо илүү сонгодог агуулга руу нь чиглүүлэх зэрэг заалтууд багтсан. Хэрэгжих хугацааг нь 2021 он хэмээн заасан юм.
Гэвч Ардчилсан намын зүгээс энэ сарын 25-нд мэдэгдэл гаргаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих боломжгүйгээ илэрхийлээд байгаа.
Өмнөх парламентын үед Ардчилсан намын бүлгийн гишүүд эл асуудлаар ямар байр суурь илэрхийлж байсныг эргэн нэг сануулъя.
С.Эрдэнэ: Үндсэн хуульд зарим өөрчлөлт хийхээс аргагүй
Монгол Улсын Үндсэн хуульд зарим өөрчлөлт, шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага бидний өмнө зогсож байгаа.
Монголчууд мянган жилийн өмнөөс л парламентын засаглалтай явж ирсэн улс. Жишээ нь их эзэн Чингис хаан чухал зарлиг гаргахдаа хэзээ ч ганцаараа толгой мэдэн шийдээд гаргаж байсан түүх байхгүй. Их хуралдайг хуралдуулан хэлэлцүүлж, тэгээд тэндээс гарсан хамгийн сайн гэсэн саналыг зарлиг болгон гаргадаг байж. Үүнийг л маш сайн бодолцож, олон талаасаа нухацтай ярилцан шийдвэрлэх ёстой гэж бодож явдаг.
Эх сурвалж “Өглөөний сонин” 2014.12.01
Х.Тэмүүжин: Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол хүний эрхийг хэрчинэ
Одоогийн Үндсэн хууль бол шилжилтийн Үндсэн хууль. Бид судлаачдынхаа үгийг авдаггүй. 2007 онд судлаачид загвар Үндсэн хуулийн төслийг боловсруулж байсан. Монгол Улс шилжилтийнхээ Үндсэн хуулиар явбал цаашаа улам бүр тогтолцооны гажиг руу орж, гажигтай ардчилал улам бэхжинэ. Энэ нь өөрөө хүний эрхийг хэрчээд шударга ёсыг үгүй хийгээд, эдийн засгаа мөлхүүлээд дуусна гэдэг дүгнэлт 10 жилийн өмнө гарсан. Энийг ухаалаг харах ёстой.
Улс орнуудыг ажиглахад тогтолцооныхоо гажгийг засахаас илүүтэй энэ нь хүний хүчин зүйлээс шалтгаалж байна гээд сайн удирдагч хайгаад явсан нь ихэнхдээ мөхлийн ирмэг рүү таагүй дүр зураг олсон байдаг. Нэг бол дарангуйлагчийн диктатур, эсвэл цэргийн хагас диктатур тогтдог. Тогтолцоогоо сайжруулах гэж оролдсон улс орон бүр эдийн засгийн хувьд бэхжиж, хүний эрх нь сайжраад иргэдийн амьдралын чанар дээшилсэн байгаа. Тийм учраас өнөөдрийнхөөс муу үр дагавар гарсан ч алдаанд хүрэхгүй байх тогтолцоонд хүрэх нь бидний сонголт. Өнөөдөр өргөн баригдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд авах ч юм бий, хаях ч юм бий. Тогтолцоогоо сайжруулахын тулд хамтраад сууж ярих цаг нь болсон.
Эх сурвалж: News.mn 2015.11.17
С.Баярцогт: Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх цаг нь болсон
Монгол Улс бол нам төвтэй социалист улс байсан. Тиймээс төрийн гол шийдвэр нь намаас гардаг. Намын үзэл суртлын манлайлал нэгдүгээрт тавигддаг байсан. Засгийн газрын ажлыг аж ахуйн ажил гээд хоёр, гуравдугаарт тавьж ирсэн. Энэ нь хамгийн эхний том алдаа болсон.
Дараагийн асуудал нь Монгол Улс парламентын бүгд найрамдах улсын Үндсэн хуультай хэрнээ Ерөнхийлөгчөө бүх ард түмнээс сонгодог. Тэр утгаараа органик хуулиуддаа ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлсээр байгаад одоо маш хүчтэй ерөнхийлөгчтэй, парламентын засаглалтай улс болсон. Эндээс харахад, Монгол Улс цаашдаа парламентын бүгд найрамдах улсын үндсэн шинжийг хадгалах боломжгүй болсон байна. Энэ нь Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх цаг нь болжээ гэсэн үг.
Эх сурвалж: News.mn
Н.Батбаяр: Сонгодог парламентын засаглалтай болох ёстой
Монгол Улс сонгодог парламентын засаглалтай болох ёстой гэсэн байр суурьтай байсан, одоо ч энэ байр суурин дээрээ байна.
Монгол Улсыг парламентын болон ерөнхийлөгчийн засаглал хосолсон гэж үздэг. 20-иод жил энэ тогтолцоогоор явсан, нэг тийш нь болгох хэрэгтэй.
Яагаад гэвэл 1992 онд Үндсэн хууль батлахдаа Монгол Улс парламентын улс болно гэдэг зарчим дээр Үндсэн хуулиа хийсэн. Түүнийгээ ч дагаж мөрдөж байгаа.
Монгол бол дэлхий дээр парламентын засаглалыг үүсгэсэн улс.
Өнгөрсөн түүхээ аваад үзэх юм бол улс орныг эзэнтэй болгох, энэ утгаараа ярих юм бол нэгдүгээрт, засаглалаа тодорхой болгох шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч байгаа. Засаглалаа тодорхой болгохын тулд хүчтэй Ерөнхий сайд бүхий сонгодог парламентын тогтолцоо бий болгох явдал юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр парламентаас Ерөнхий сайдаа томилдог, парламентаас Ерөнхийлөгчөө сонгодог тогтолцоо. Ерөнхий сайдад илүү эрх мэдэл өгнө. Судалгаа хийж үзсэн. Манайтай адилхан парламентын засаглалтай 51 улс байна, түүн дотор Ерөнхийлөгчөө ард түмнээс сонгодог 11 улс байна. Гэтэл Ерөнхийлөгч нь манай улс шиг онцгой бүрэн эрхтэй улс хаана ч байхгүй. Бид шинэ дугуй зохиосон байгаа, гэтэл өнгөрсөн хугацаанд шинэ дугуй маань яваагүй учраас нийтийн жишиг рүү оръё гэж байгаа юм.
Эх сурвалж: News.mn
М.Батчимэг: УИХ-ын эрх мэдлийг Засгийн газарт шилжүүлэх хэрэгтэй
Өнөөдөр манайд тулгарч байгаа олон бэрхшээл, тэр дундаа эдийн засгийн хүндрэлүүд нь засаглалын хямралаас үүдэлтэй. Улс төрийн хямрал нь эдийн засагтаа буугаад эцэстээ нийгмээ хямруулдаг. Тогтолцооны ийм хямралыг засах хоёр арга зам бий.
Эхнийх нь Үндсэн хуульд өөрчлөлт. Харин нөгөөх нь гудамжны хувьсгал руу явах. Бид хоёр дахь замаар явахгүйн тулд цаг алдах ёсгүй.
Олон нийт, улс төрийн эрмэлзэл, тохироо бүрдсэн энэ цаг хугацааг ашиглаж чадахгүй бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал зарим гишүүний хэлж байгаа шиг дахиад найм, есөн жилээр хойшлох эсэхийг бид хэлж мэдэхгүй.
Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эн тэргүүнд шийдэх зүйл бол УИХ-д байгаа Засгийн газрын эрх мэдлийг Засгийн газарт нь шилжүүлэх хэрэгтэй гэдэгтэй миний хувьд санал нэг байгаа. Ерөнхий сайдад танхимынхаа сайд нарыг томилох, чөлөөлөх болон төсвийн эрх мэдлийг юун түрүүнд шилжүүлэх ёстой. УИХ-аас энэ эрх мэдлийг Засгийн газарт нь шилжүүлснээр өнөөдөр олон нийтэд сайд нарыг томилж чөлөөлдөг, мөнгө хуваадаг 76 дарга гэж харагдаад байгаа хүмүүс чинь энэ эрх мэдлээсээ салах юм. Өөрөөр хэлбэл, хууль бодлого хэлэлцэж батлах, ард иргэдийн төлөөлөл болж ажиллах гэсэн хууль ёсны үүргээ гүйцэтгэх боломжтой болно. Ингэснээр, хууль хэлэлцэх иргэдийнхээ төлөө ажиллах сонирхолтой хүн л биш бол УИХ руу хошуурч улайраад байх сонирхол нь буурах болов уу.
Эх сурвалж: ikon.mn 2015.11.17
Ж.Батзандан: Төрийг хямралаас гаргах арга нь Үндсэн хуулийг өөрчлөх
Монголын төрийг дампуурлаас гаргах цорын ганц арга бол 1992 оны Үндсэн хуулийг өөрчлөх гэж бодож байгаа. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийг өөрчлөх нэг хувилбар байгаа, УИХ ¾-аараа өөрчлөх нэг арга байна. Миний хувьд ард нийтээсээ асууж байж өөрчлөх нь илүү эрүүл, шударга болно гэж үзэж байгаа.
Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг бол хувьсгалын шинжтэй өөрчлөлт байдаг юм. 25 жил боллоо. Монгол одоо тайван замаар хувьсгал хийх цаг нь болсон. Тайван замаар хувьсгал хийхийн тулд Н.Батбаяр гишүүний өргөн барьсан 5, 10 заалтаар хувьсгал хийхгүй. Харин бүх намууд Үндсэн хуулийн төслөө өргөн бариад ажлын хэсэг дээрээ нэгтгээд Монголоо тайван замаар аваръя.
Эх сурвалж: Ikon.mn 2015.11.27
Г.ХОРОЛ