Улирлын чанартай орон байрны хулгайн гэмт хэрэг ихсэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулж байна. Иргэд, албан байгууллагыг гадны зүй бус халдлагаас эд зүйл, гэр орноо хамгаалахад хамгийн чухал зүйл камер болохыг мөн цагдаагийнхан анхаарууллаа. Өнгөрсөн хоногт нийслэлд хулгайн хэрэг 18 бүртгэгдсэний дийлэнх нь орон байрны болон авто зогсоол дээр тавьсан машинаас эд зүйлээ алдсан болон гэр байшингаасаа хонины мах, ууцаа алдсан гэдэг дуудлага эрс нэмэгджээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны иргэн Н-ийн гэрийн үүдний амбаараас хонины мах хоёр гулуузыг, мөн дүүргийн есдүгээр хорооны иргэн 59 настай эмэгтэй Н-ийн амбаарт байсан хонины ууцыг нь энэ сарын 17-18-нд шилжих шөнө хулгайлсан. Түүнчлэн эл дүүргийн 12 дугаар хорооны иргэн 37 настай эмэгтэй Г-гийн хашаанд байдаг амбаараас хоёр төмөр лаазанд хийсэн тэмээний бүтэн мах алдагдсан байна. Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг Баянбүрдийн тойргийн орчим энэ сарын 17-ны 11:40 цагийн орчим УБТ 96-31 дугаартай микроавтобусны жолооч 33 настай эрэгтэй Б гэгч гарал үүслийн гэрчилгээгүй ямааны гулууз 27, хонины гулууз дөрвөн ширхэгийг ачиж явсаныг илрүүлсэн байна. Эдгээр хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Н.Түвшин