УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2017.07.26/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш үндсэн гурван байр суурь явж ирсэн гэж би ойлгодог. Эхнийх нь Одоогийн Үндсэн хуулийг бүрэн дүүрэн ашиглаагүй учраас дордуулсан долоон зүйлээ засах.
Хоёр дахь нь, Монголын амьдралд нийцэхгүй маш муу хууль учраас шинээр боловсруулах.
Гурав дахь нь, Засаглалын онолтой холбоотойгоор бүтэц зохион байгуулалтаас эхлээд өөрчилье гэсэн байр суурь явж ирсэн.
Ардчилсан намаас өмнө нь Н.Батбаяр нарын хүмүүс Үндсэн хуулийг өөрчилье гэдэг яриа хэлцэл хийж, төсөл хүртэл боловсруулж байсан.
Мөн одоогийн УИХ дээр байгаа Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр Ардчилсан намын бүлгээс Л.Болд, Ж.Батзандан нар ажиллаад явж байгаа. Ийм байхад Ардчилсан намын зүгээс Үндсэн хуулийг өөрчлөхийг эсэргүүцэж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдах гэж байна гэсэн улс төржсөн өнгө аясаар Үндсэн хуулийг улс төржүүлж байгаад харамсаж байна.
Хоёр нам хуйвалдаж энэ төслийг боловсруулсан байтлаа гэнэт одоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг харж байгаа юм шиг, энэ ямар учиртай юм болчихов оо гэж ард түмнээ талцуулах нь буруу. Нэгэнтээ УИХ-ын тогтоол баталсан юм бол ард түмнээсээ асуух нь зөв. Тийм учраас зургадугаар сарын 12-ноос есдүгээр сарын 12-ний хооронд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг иргэдээсээ асууя гэсэн УИХ-ын шийдвэрийг хүндэтгэж байгаа. Тойргийн иргэдээсээ саналыг нь сонсохоор төлөвлөж байна” гэлээ.
Г.ДАРЬ