Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлснээр манай улс ердийн хэрэглээний 45 хоногийн шатахууны нөөцтэй байгаа ажээ. Газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн дундаж хэмжээ улсын хэмжээнд 123.1 мянган тонн юм байна. Үүнээс А-80 авто бензин 50, Аи-92 авто бензин 43, дизелийн түлш 46, ТС-1 онгоцны түлшний долоо хоногийн нөөц бий гэнэ.
Хэдийгээр газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татвар нэмэгдсэн ч шатахууны үнийг тогтвортой барьж чадаж байгаа гэдгийг мэргэжилтнүүд мэдээллийн үеэр онцоллоо. Энэ оны долдугаар сарын 20-ны өдрөөс газрын тосны бүтээгдэхүүний Онцгой албан татвар /ОАТ/-ыг нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Дизель түлшний ОАТ 70,000 төгрөг байсныг 110,000 төгрөгөөр нэмж 180,000 төгрөг, 90-ээс дээш октантай авто бензиний онцгой албан татвар 30,000 төгрөг байсныг 130,000 төгрөгөөр нэмж 160,000 төгрөг, 90 хүртэл октантай авто бензиний онцгой албан татвар 50,000 төгрөг байсныг 110,000 төгрөгөөр нэмж 160.000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Гэсэн хэдий ч түүхий тосны үнэ буурах төлөвтэй байгаагийн дээр хилийн үнэ буурсан, дотоод зах зээлд валютын ханш хэвийн байгаа зэргээс шалтгаалан шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авч байна гэв. Хойшид шатахууны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд онцгой анхааран ажиллана гэлээ.
Д.Цээл