Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Олон улсын хэмжээнд явуулдаг Баялгийн засаглалын индекст манай улс 64 оноогоор 89 орноос 15 дугаар байрт жагсчээ. Харин Евроазийн бүс нутгийн есөн орноос тэргүүн байрт жагссан гэдгийг албаныхан онцолж байлаа.
Нүүрс олборлолт, экспортын хэмжээ өсчээ
Улсын хэмжээнд долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 26027,9 мянган тонн нүүрс олборлож, 23219,5 мянган тонн нүүрс борлуулснаас 19145,4 мянган тонн нүүрс экспортод гаргаад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал олборлолт 104,1 хувь, борлуулалт 73.56 хувь, экспорт 98.89 хувийн үзүүлэлттэй байна.
Түүхий тосны экспортоос 97.9 тэрбум төгрөг төвлөрүүлэв
Энэ онд газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх зорилгоор Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайнуудад 147 цооног өрөмдөж, 128 цооногт олборлолтын тоног төхөөрөмж суурилуулан ашиглалтанд шилжүүлсэн байна. Мөн хөрөнгө оруулалтыг ч өсгөжээ. Нийт 452 сая ам.доллар (үүнээс Тосон-Уул XIX талбайд 210 сая ам.доллар, Тамсаг XXI талбайд 231 сая ам.доллар, БХГ-97 талбайд 11 сая ам.доллар)-ын хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ бүхний үр дүнд 1.1 сая тонн газрын тос олборлон экспортолж, улсын төсөвт 233.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Долдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 550.41 мянган тонн газрын тос олборлон экспортолж, хоёрдугаар улирлын дүнгээр 97.9 тэрбум төгрөгийг улсын тсөвт оруулжээ. Экспортын гүйцэтгэл 48 хувьтай байгаа юм.
Зүүн бүсийн эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдсэн тул Тамсаг, Тосон-Уулын орд газарт ашиглах эрчим хүчний хэрэглээг хязгаарлаж байгаагаас шалтгаалан газрын тосны олборлолтын хэмжээ буурах нөхцөл үүсчээ. Орд ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулах, олборлолтыг нэмэгдүүлэх үүднээс эрчим хүчний нөөц эх үүсвэрийг татах асуудлыг гэрээлэгч компаниас дэвшүүлсэн боловч уг асуудлыг Эрчим хүчний яам өнөөг хүртэл шийдвэрлээгүй байна. Олборлолтын хэмжээ буурахад дэд бүтэц, эрчим хүчний хангамж, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ бууралт, ханшийн зөрүүгээс төсвийн орлого бүрдүүлэлтэд хүндрэл гарч байна гэдгийг АМГТГ-ынхан хэвлэлийнхэнд дуулгалаа.