“Оюутолгой” компани 2017 оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлан, тойм мэдээгээ шинэчлэн олон нийтэд танилцууллаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес хэлэхдээ “Бид анхны баяжмалаа дөрөв хүрэхгүй жилийн өмнө хэрэглэгчдэдээ хүргэж байсан бол өнгөрсөн хоёрдугаар улиралд гурван сая дахь тонн зэсийн баяжмалаа тээвэрлэлээ” хэмээн онцлов.
Түүнчлэн “Оюу толгой” компаниас байгаль орчны хамгааллын ажлуудаа үргэлжлүүлэн гүйцэтгэж, ялангуяа тайлант хугацаанд, “Оюутолгой” компани нэг тонн хүдэр боловсруулахад дэлхийн дундаж болох 1.2 шоо метрээс маш бага буюу 0.373 шоо метр ус ашиглажээ. Энэ хугацаанд ус дахин ашиглалтын түвшин 88.7 хувь байжээ.
“Оюутолгой” компани Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийг дэмжих төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байгаа бөгөөд энэ чиглэлд 3.1 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг өнгөрсөн улиралд хийжээ. Тус компанийн хөрөнгө оруулалттай Цэвэр усан хангамжийн цогцолбор Ханбогдод үйл ажиллагаагаа эхлүүлж, бэлчээрийн менежмент болон эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг сайжруулах зорилго бүхий хөтөлбөрүүдийг хоёрдугаар улиралд шинээр хэрэгжүүлж эхэллээ.
Үйлдвэрлэлийн хувьд, 2017 оны хоёрдугаар улиралд олборлосон хүдрийн хэмжээ өмнөх улирлынхтай харьцуулбал 3.5 хувиар өссөн бол тухайн улирлын агуулга өмнөх улирлынхтай ижил хэмжээнд байлаа. Төлөвлөгөөт засвар үйлчилгээний зогсолт байсан хэдий ч хоёрдугаар улирлын зэс алтны үйлдвэрлэл нэгдүгээр улирлынхтай ижил түвшинд байлаа. Хоёрдугаар улирлын зэсийн борлуулалт өмнөх улирлынхтай харьцуулбал 5.6 хувиар буурсан нь тухайн улиралд баяжмалын хэмжээ бага байсантай холбоотой. Харин хоёрдугаар улирлын алтны борлуулалт өмнөх улирлынхаас 28.1 хувиар бага байсан нь өмнөх улиралд 2016 оны дөрөвдүгээр улирлын өндөр агуулгатай баяжмалыг борлуулсантай холбоотой. Туркойз Хилл “Оюу толгой”-г 2017 онд 130,000-160,000 тонн баяжмал дахь зэс, 100,000-140,000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байна.
Тус компани аюулгүй ажиллагааг нэн тэргүүний зорилт болгон ажилласан хэвээр гэдгийг мэдээлэлдээ онцолжээ. Оюутолгойнхон өнгөрсөн хоёрдугаар улиралд 200’000 хүн/цагт ногдох гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.27 байжээ. 11,000 гаруй үндсэн болон гэрээт ажилтныг 141,800 цагийн аюулгүй ажиллагааны сургалтад хамруулсан байна.
Д.Цээнэ