Хятадын тэрбумтан эр НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч нарт авлига өгч, улмаар Хятадад “Азийн Женев” бий болгох санаатай байжээ. Энэ тухай AP агентлаг мэдээллээ.
Нью-Йорк мужийн дэд прокурор Янис Экенберг өчигдөр болсон шүүх хурлын мэтгэлцээний үеэр “69 настай Нг Лап Сен нь Нью-Йорк дахь НҮБ-ын төв байртай өрсөлдөхүйц хэмжээний байрыг Макаод барих хүсэлтэй байсан” гэж хэлжээ.
Түүний хэлснээр тэрбумтан Нг Лап Сен 2010-2015 оны хооронд НҮБ дахь байнгын төлөөлөгч хоёр эрхэмд сая саяар хэмжигдэх их хэмжээний авлига өгсөн гэнэ. Тэрбээр албанаас нь түдгэлзүүлсэн НҮБ дахь Доминиканы байнгын төлөөлөгчөөс хоёр долоо хоногийн хугацаанд хэд хэдэн мэдүүлэг авсны дүнд гэм буруутай гэж үзэх хангалттай баримт олсноо ч хэлсэн байна. Түүнчлэн тэдний хоорондоо харилцсан цахим шуудан, банкны дансны хуулгаас тодорхой харж болно гэсэн байна.
Харин Нг Лап Сен шүүх танхимд өөрийгөө гэм буруугүй гэж мэдүүлжээ.
С.ЦЭЛМЭГ