Ардчилсан нам Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд “Өнөөгийн эрх баригч хүчин, Үндсэн хуульд хууль бусаар нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна.
Өөрсдийн явцуу эрх ашгийн хүрээнд энэхүү нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хүч түрэн хийх гэж байна. Нэгдүгээрт, Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжаалж, төрийн эсрэг гэмт хэрэг өдүүлсэн хүмүүстээ хариуцлага тооцож, энэхүү асуудлыг ард түмэнд нээлттэй ил тод мэдээлж, ёс зүйн болон эрх зүйн чадамжтай парламентын бүрэлдэхүүнээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлэх;
Хоёрдугаарт, Гадаад дахь оффшор дансанд буй их хэмжээний мөнгөний асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэн эх оронд нь буцаан авчирч, оффшор данс эзэмшигчдийг нэрсийг ил тод зарлах;
Гуравдугаарт, 2000 оны “Дордуулахын долоон өөрчлөлт”-өө засч залруулах;
Дөрөвдүгээрт, “Ард нийтийн санал асуулга” явуулж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хэсэг бүлэг хүмүүсийн бус ард түмний эрхийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахыг шаардаж байна” хэмээжээ.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал зөвхөн энэ парламентын үед хөндөгдөж буй биш. Өмнөх парламентын үед УИХ-ын даргын захирамжаар дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан хоёр жил орчмын хугацаанд ажиллаж, “Монгол Улсын Үндсэн хуульд хэсэгчлэн нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай” гэсэн дүгнэлтийг гаргаж байсан юм. Ажлын хэсэгт УИХ дахь бүхий л намын төлөөлөл багтсанаас гадна эрдэмтэн, судлаачид ажилласан.
Мөн тухайн үеийн Ардчилсан намын бүлэг “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн” гэдэгтэй ч санал нэгдэж, байр сууриа нэгтгэж байв.
Гэвч тус УИХ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг шийдэж чадалгүй бүрэн эрх нь дуусгавар болсон.
Шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газар өнгөрсөн өвөл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийг тус, тусдаа байгуулан ажиллаж, дүгнэлт гаргасан.
Мөн иргэдийн дунд судалгаа хийж, санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэдийг оролцуулан, тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байв.
Улмаар УИХ-аас олон нийтийг хамарсан хэлэлцүүлгийг өргөн хүрээтэй зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзсэнээр ирэх есдүгээр сар хүртэл Үндсэн хуультай холбоотой хэлэлцүүлэг хийхээр болоод байгаа. Ингэхдээ УИХ-аас байгуулагдан ажилласан ажлын хэсгийн төвшинд боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд дээрх хэлэлцүүлэг өрнөх юм.
Харин Ардчилсан намын зүгээс Монгол Улсын Үндсэн хуульд дан ганц нам үнэмлэхүй байхдаа өөрчлөлт оруулах нь буруу гэсэн байр суурь барьж эхлээд байна.