Яг өнөөдрийн байдлаар арилжааны банк болоод валют арилжааны газруудад ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2420-2434 төгрөгт хэлбэлзэж байна. Мэдээж энэ бол худалдаалах ханш. Харин худалдан авах ханш нь үүнээс 10-15 төгрөгөөр хямд тусдаг. Өвлийн сараас хавар, зунжин хүлээсэн ам.доллар унаж, төгрөг чангарах хүлээлт талаар болов. Олон улсын валютын сан /ОУВС/ гэх буянтны хөтөлбөрт багтчихвал бүх юм “ок” болж, үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ нэмэгдэнэ гэж итгэсэн хүмүүс “Долларын ханш яагаад буурахгүй байгаа юм бэ” хэмээн гайхширцгааж байна. Долларын ханш доошлохын хэрээр импортын бараа бүтээгдэхүүний үнэ буурч, цалин тэтгэврийн царайд гэрэл нэмэх байлаа. Харамсалтай нь тэгсэнгүй. Наадам хүртэл бага зэрэг буурч 2300 руу уруудсан ам.долларын ханш баяр наадамтай зэрэгцээд 2400 давсан.
Тиймээс бид Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэлээс сүүлийн үед өсөөд буй ханшийн талаар тайлбар хүслээ.
-Ам.долларын ханш наадмын өмнөөс өсч эхэлсэн. Гэтэл бодит байдал дээр ханш сулрах нөхцөл байдал бий болсон уу?
-Он гарсаар төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өдрийн дундаж хэлбэлзэл 0.11 хувьтай, оны эхнээс 85.1 төгрөгөөр буюу 3.4 хувиар чангарсан үзүүлэлттэй байна. Гадаад валютын ханш нь бусад бараа бүтээгдэхүүний үнийн адил зах зээл дээр суурь хүчин зүйлсээс хамаарч эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрээр тогтдог. Аливаа үнэ, ялангуяа ханш тодорхой хэмжээнд хэлбэлзэж байдаг үзүүлэлт гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ удаагийн төгрөгийн эсрэг ам.долларын чангаралтын хувьд суурь хүчин зүйлстэй хамааралгүй гэж үзэж байна. Манай улсын төлбөрийн тэнцлийн гүйцэтгэлийг харвал урсгал тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 397 сая ам.доллар буюу 94 хувиар буурч 23.6 сая ам.долларт хүрч сайжирсан, санхүүгийн данс ашигтай гарсан эерэг үзүүлэлттэй байна. Үүнд гадаад худалдаа гэхэд л оны эхний 5 сарын байдлаар 1.02 сая ам.долларын ашигтай гарсан нь чулуун нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.долларт хүрсэнтэй холбоотой.
-Тэгвэл юунаас болж сулралт үүсэв, Монголбанк үүний эсрэг ямар арга хэмжээ авах вэ?
-Сүүлийн үеийн ханшийн өөрчлөлтөнд Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй тодорхойгүй байдал, наадмын үеэрх олон хоногийн амралт зэрэг улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд гарч буй үйл явдал, мэдээ, мэдээллээс хамаарч зах зээлд оролцогчдын хүлээлт нөлөөлсөн. Монголбанкны зүгээс ханш эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан тогтох зарчмыг үргэлжлүүлэн баримталж, ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор захад оролцох байр сууриа хадгална.
-Тэгэхээр цэвэр иргэдийн хүлээлтээс үүссэн бодит бус өсөлт бий болжээ гэж ойлгож болохоор байна. Цаашид ханш тогтворжих эерэг хүлээлт бий юу?
-Экспортын түүхий эдийн үнэ сэргэлт, ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага, донор орнуудаас орох зээл, санхүүжилт, Оюу толгойн төслийн 2 дахь шатны хөрөнгө оруулалт зэргээс үүдэн 2017 онд төлбөрийн тэнцлийн төсөөлөл эерэг гарах нааштай үр дүн хүлээгдэж байна. Тиймээс төгрөгийн ханш огцом сулрах дарамт бага байхаар байна.
Д.Цээнэ