Элчин сайдыг эгүүлэн татахад хэнтэй зөвшилцөх вэ?

Хуучирсан мэдээ: 2017.07.26-нд нийтлэгдсэн

VS

Элчин сайдыг эгүүлэн татахад хэнтэй зөвшилцөх вэ?

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн дуудах асуудлыг УИХ-тай зөвшилцөх саналыг өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хүргүүлсэн. 

Дээрх санал гаргах болсон үндэслэлээ бүх төрийн албан хаагч улс төрийн сонгуульд оролцох эрхгүй. Гэвч Элчин сайд М.Энхсайхан, С.Баяр нар хуулийн энэ заалтыг зөрчсөн гэж тайлбарлаад байгаа. Мөн Ерөнхийлөгч Элчин сайд нарыг эгүүлэн татах бүрэн эрхтэй хэмээн тодотгосон. 

Эл асуудлыг тойрч Элчин сайдыг татах асуудлыг Ерөнхийлөгч эхэлж Засгийн газартай зөвшилцөнө, зөвшилцөхгүй гэх маргаан өрнөж байна. Энэ долоо хоногийн “VS” буландаа УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон, хуульч Н.Ариунболд нарын байр суурийг онцоллоо. 

Ц.Цолмон
УИХ-ын Тамгын газрын дарга

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна” гэж тус тус заасан.

Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна.

Дээрх хуульд заасан журмын дагуу Засгийн газрын санал болгосноор Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг Улсын Их Хуралд ирүүлж, зөвшилцдөг. Хуулийн энэ зохицуулалт 1992 оноос хойш ямар ч салаа утгагүй хэрэглэгдэж ирсэн бөгөөд үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гарын үсэг бүхий албан бичгээр Улсын Их Хуралтай харилцаж ирсэн болохыг Танд үүгээр мэдэгдэж байна.

Цаашид хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн харилцааны хэвшин тогтсон ажил хэргийн уламжлалыг алдагдуулахгүйгээр Улсын Их Хуралтай харилцаж байхыг хүсье. 

Н.Ариунболд
Хуульч

Үндсэн хуулийн 33.1-д “Ерөнхийлөгч дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:... 5/ Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн... эгүүлэн татах;” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд зааснаар элчин сайдыг томилох эгүүлэн татах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газартай бус, УИХ-тай зөвшилцөхөөр санал хүргүүлнэ. Зөвшилцөл УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар зохицуулагдана. Уг хуулийн 43.2-т зааснаар УИХ-ын дарга Ерөнхийлөгчид бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл Тамгын газрын дарга нь Ерөнхийлөгчийн саналд хариу өгч байгаа нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 43.1, 43.2-т заасныг зөрчиж байна.

Монгол Улсаас гадаад улсад суух элчин сайдыг томилох, эгүүлэн татах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, улмаар Улсын Их Хуралтай зөвшилцөн томилж, эгүүлэн татах нь Үндсэн хуулиас гадна Дипломат албаны тухай хуулиар процессийн хувьд нарийвчлан зохицуулагдана. Уг хуульд Засгийн газрын саналыг үндэслэн Ерөнхийлөгч элчин сайдыг томилох, эгүүлэн татах тухай зохицуулалт байхгүй. Нийтийн эрхзүйд зөвшөөрснөөс бусдыг хориглох зарчим үйлчилдэг. Дипломат албаны тухай хуулийн 16.1-д “...элчин сайдыг Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасны дагуу томилж, эгүүлэн татна.” гэж салаа утгагүйгээр заасан. Тиймээс Засгийн газар санал гаргаагүй ч гэсэн Ерөнхийлөгч нь Дипломат албаны тухай хуульд заасны дагуу бие даан шийдвэр гаргах бүрэн эрхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж