Шинийг эрэлхийлэгч Г.Тэнүүн​​​​​​​

Хуучирсан мэдээ: 2017.07.26-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

Шинийг эрэлхийлэгч Г.Тэнүүн​​​​​​​

Шинийг эрэлхийлэгч Г.Тэнүүн​​​​​​​

Шинэ нэр булангийнхаа ээлжит зочноор “Punk and Rap” бүжгийн хамтлагийн ахлагч, 93//KiDULT” брэндийн үүсгэн байгуулагч Г.Тэнүүнийг урьж ярилцлаа. Тэрбээр 2008 онд багын найзуудынхаа хамт хамтлаг байгуулж, бүжгийн уралдаан тэмцээнд оролцож чамгүй амжилт гаргасан, авьяаслаг залуу уран бүтээлч юм.

Үргэлж шинийг эрэлхийлж байдаг түүний хувьд FM-ийн хөтлөгч, бартендэр хийж, гэрэл зургийн студид ажиллахаас гадна мөн бизнесийн удирдлагаар мэргэжлээ дээшлүүлэх гэх зэргээр өөрийгөө хөгжүүлжсээр байна. Ингээд 2015 онд хоёр дизайнертайгаа хамтран өөрийн “ 93 Kidult” брэндийг байгуулаад байгаа ажээ.

ГАНБАТ ТЭНҮҮН: 1991.11.22

Төгссөн сургууль:

Нийслэлийн 24 дугаар дунд сургууль /1998 он/

Монгол Улсын Боловсролын их сургуулийг Эдийн засаг статистикийн анги /2012 он/

Удирдлагын академийн бизнесийн удирдлагын анги /2014-2015 он/

Мэргэжил: Эдийн засаг статистикч, бизнесийн удирдлага

Одоо эрхэлж буй ажил: “93//KiDULT” брэндийн үүсгэн байгуулагч, “Punk and Rap” хамтлагийн ахлагч

Сошиал хуудас: Tenne Kaze /фэйсбүүк/, Tennekaze /instagramm/

АНХНЫ АМЖИЛТ

-Би долдугаар ангиасаа хойш сагсан бөмбөгийн спортоор хичээллэсэн. Тэгээд сургуулийнхаа шигшээ багийн тамирчин болж байсан юм. Харин хамтлагийнхаа Санжаатай хамтран Hi5-д баг бүрдүүлж, 2008 онд анх хамтлагаа байгуулж байсан. Тэгээд “Одод болох хүслэн” тэмцээнд орж, найман хүний бүрэлдэхүүнтэй бүжиглэж хүрэл медаль хүртэж байлаа. Тэр цагаас хойш тасралтгүй бүжгийн тэмцээнд оролцож, “Одод болох хүслэн” тэмцээний алт, мөнгө, хүрэл, шилдэг эрэгтэй бүжгийн хамтлагийн шагналыг авч байлаа. Сүүлд 2012 онд “Mongolians best dance crew” тэмцээнд хамтлагаараа оролцож, дэд байрыг эзэлсэн амжилтыг үзүүлсэн.

АНХ ХЭДЭН НАСТАЙДАА БҮЖИГЛЭЖ СУРСАН БЭ?

-Би багадаа бүрэг ичимхий, урлагийн үзлэгт ч оролцдоггүй хүүхэд байсан. Тэгээд л 2008 онд хамтлагаа байгуулсны дараагаар л бүжиглэж эхэлсэн дээ. Багаасаа сагс тоглодог байсан учраас хөдөлгөөний эвсэлтэй байсан юм шиг байна лээ. Би бүжгийг ямар ч багшгүйгээр “А” үсгээс эхлэн сурсан. Хамтлагаараа интернэтээс харж байгаад гудамжинд, орцонд ч бүжиглэнэ. Манай ээж болон манай хамтлагийн Чойжилсүрэнгийн ээж хоёр сургуульд ажилладаг байсан болохоор сул ангид нь бэлтгэл хийдэг байсан. Хамтлагийн залуус маань ямар ч багшгүйгээр бүжгийн урлагаар хичээллэж, дурласан.

ХАМГИЙН СҮҮЛД ЯМАР БҮТЭЭЛ ДЭЭР АЖИЛЛАСАН БЭ?

-Манай хамтлаг 2014 оноос эхлэн хамтлагаараа дуулдаг болсон. Хамгийн сүүлд гаргасан “Од хооронд” дуу маань хамтлагийн найм дахь уран бүтээл. Энэ дуугаа бид өөрсдөө бие дааж хийсэн гэдгээрээ онцлог. Хамтлагийн маань анхны дуу бол “Шөнө дундын яриа” уран сайхны киноны “Нэрийг чинь бичье” дуу байсан. Тэрнээс хойш хамтлагаараа 10 гаруй дууг дуулсан. Хамтлагийнхан маань байгаа ч Чой, бид хоёр л цомгийнхоо ажлыг хийж байгаа.

УРАН БҮТЭЭЛЭЭРЭЭ ЮУ ХАРУУЛАХЫГ ХИЧЭЭДЭГ ВЭ?

-Манай багийнхан ажлаа хийхдээ ирээдүй цагт зориулан илэрхийлж, хийж бүтээдэг. Уран бүтээлч хүн бүр л ийм байх ёстой юм шиг санагддаг. Зөвхөн өнөөдөртөө бус ирээдүйд хийж болох илүү гүн утга агуулгатай бүтээлийг л хийх хэрэгтэй гэж боддог. Миний хувьд ч гэсэн амьдралдаа зогсолтгүй хөдөлгөөнтэй байхыг хүсдэг юм. Сайн баг хамт олонтой учраас үргэлж шинийг эрэлхийлэхэд их урамтай байдаг шүү. Тиймээс ч өөрсдийн гаргаж буй санаа болгоноо шинэлэг байлгахыг хүсдэг юм.

ӨӨРИЙГ ЧИНЬ “ШӨНӨ ДУНДЫН ЯРИА” КИНОНД ТОГЛОСОН ГЭЖ СОНССОН. ӨӨР КИНОНД ТОГЛОСОН УУ?

-Би анх удаа найруулагч Батзоригийн найруулсан “Шөнө дундын яриа” аймшгийн кинонд тоглож үзсэн. Уг аймшгийн киноны гол дүр болох дөрвөн залуугийн нэгд тоглосон. Өөр кинонд тоглох санал надад ирж байсан ч би өөр кинонд тоглоогүй. Одоогоор нэг кинонд тоглох санал хүлээж аваад байна.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Би ихэнх цагаа ажил дээрээ өнгөрүүлдэг. Нэг ёсондоо ажил дээрээ байрлаж, амьдардаг гэсэн үг. Чөлөөт цагаараа найзуудтайгаа шинэлэг санаа, ажлын төлөвлөгөөгөө ярилцдаг. Би гэрэл зураг авах их сонирхолтой, дуртай. Гэхдээ мэргэжлийн камераар зураг авахгүй ч утсаараа зураг авах дуртай. Брэндийнхээ зарим зураг авалтыг өөрөө хийдэг. Бас жилдээ нэг удаа гадаад орноор аялж, шинэ энергиэр өөрийгөө цэнэглэх дуртай. Сүүлийн жилүүдэд монгол орноороо сайхан аялах дуртай болсон. Саяхан Архангай аймгаар аялж, байгалийн сайхныг мэдрээд ирсэн.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Манай брэнд намар, өвлийнхөө загварын ажилд орсон байгаа. Брэндийн шинэ коллекц гарна гэхээр зураг авалт, танилцуулга видео, загварын шоуны ая, тоглолтууд зэргийг хийнэ. Саяхан “MPDU” буюу монголын шилдэг гэсэн зургаан брэнд хамтран холбоо байгуулсан. Ирэх есдүгээр сард холбоогоороо хамтран шинэ загварын шоу хийх төлөвлөгөөтэй байна. Мөн ирэх наймдугаар сард гурван шинэ дууныхаа нэг дууг дүрсжүүлэх бодолтой байна.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Өөрийн“93//KiDULT” брэндээ гадны зах зээлд гаргаж, өрсөлдөх зорилготой байгаа. Цаашдаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц хувцасны брэндтэй болох мөрөөдөлтэй. Хамтлагийн маань хувьд цомгоо гаргаж, уран бүтээлээ тасралтгүйгээр хийх зорилго тавиад байна.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Манай залуус бүх зүйлийг өөлж, шүүмжилдэг болсон юм шиг санагддаг. Жишээлбэл, кино урлагийн талаар ямар ч мэдлэггүй мөртлөө муулж, шүүмжлэх нь элбэг болж. Өөрийн хийж үзээгүй зүйлийг шүүмжлэхдээ бодолтой хандмаар юм шиг ээ. Хэрэв үнэхээр шүүмжлэхийг хүсвэл ямар нэгэн гарцыг нь хэлж өгч байвал зүгээр санагддаг. Баг хамт олноороо ажил, уран бүтээл хийхэд олон шүүмжлэл ирдэг хэрнээ ямар ч гарц гаргалгаа байдаггүй нь харамсалтай. Тиймээс бие биеэ дэмжиж, эерэг сэтгэлгээтэй амьдрахыг л залуустаа уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж