Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны дэглэмийг нураах гэсэн ямарваа нэг оролдлогын хариуд АНУ-ын зүрхэнд цөмийн цохилт өгөх болно гэж Пхеньян мэдэгдлээ.
Трампын засаг захиргаа Кимийг цөмийн нөөцөөс нь салгах арга замыг олох шаардлагатай байна гэж АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Майк Помпео өнгөрсөн долоо хоногт хэлсэн юм. Үүний хариу нь харин цөмийн заналхийлэл болов.
Помпео мөн “Хойд Солонгосын ард иргэдийг гайхайлтай сайхан хүмүүс гэдэгт итгэж байна. Тэд ч мөн Кимээс салахыг хүсдэг биз” гэж хэлсэн юм.
Үүний хариуд гаргасан мэдэгдэлдээ, Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд “Хойд Солонгосын дэглэмд заналхийлсэн үг үйлдлийн хариуг заавал өгөх болно. Хойд Солонгосыг үгүйсгэж буй улс орон, үүнд шууд болон шууд бусаар оролцсон хэнийг ч хамаагүй газрын хөрснөөс арчих болно. Манай улсын агуу дээд удирдагчийн дэглэмийг нураах өчүүхэн төдий оролдлогын хариуд бид өөрсдийн гараар удаан хугацаанд бодож боловсруулж хийсэн хүчирхэг цөмийн нударгаар АНУ-ын зүрхэн тушаа цохилт өгөх болно” хэмээснийг KCNA агентлаг уламжилжээ.
С.ЦЭЛМЭГ