Турк улс Европын холбоонд нэгдэж, өөрийн орны иргэдийг Европт визгүй зорчуулах хүсэлт тавьснаас хойш багагүй хугацаа өнгөрөөд байна. Гэвч Турк улс Европын холбоонд элсэх явц ахиц муутай байгаа нь ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы тэвчээрийг барж байгаа аж.
Үнэндээ Туркийн ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэгдүүлж, сөрөг хүчнийхнийг хүчээр дарж байгаа нь Европын холбооны үнэт зүйлтэй зөрчилдөж байна. Ялангуяа Туркийн эрх баригчид 2016 оны долдугаар сард болсон төрийн эргэлтийн дараа олон мянган хүнийг ажлаас нь халж, баривчилсныг Европын холбоо шүүмжилж байгаа юм. Европын комиссийн дэд ерөнхийлөгч, Гадаад хэрэг аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Федерика Могерини мягмар гаригт Туркийн талтай Анкараг элсүүлэх талаар уулзалт хийхдээ улс төрийн хоригдлуудыг суллахыг ятгажээ. Туркт 2016 оны долдугаар сараас хойш 50 мянга гаруй хүн баривчлагдсаны дунд сэтгүүлч, сөрөг хүчний улстөрч нар олон байна. Европын холбоо Туркийг эгнээндээ элсүүлэх асуудлыг олон зүйлд ашиглаж буйн нэг жишээ нь улс төрийн хоригдлуудыг суллуулах оролдлого юм. Үүнээс өмнө Европын холбоо Туркийн иргэдийг визгүй зорчих асуудлаар Европыг зорих дүрвэгсдийн урсгалыг барих оролдлого хийсэн билээ.
Турк Европын холбоонд элсэх хүсэлтээ 30 жилийн өмнө гаргаж, албан ёсны уулзалт хэлэлцээ 2005 онд эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд Туркийн тал Европын холбооны төлөөлөгчидтэй 16 удаагийн уулзалт хийж, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, нийслэлээ нүүлгэх зэрэг олон шаардлагыг хэлэлцжээ. Турк нь Европын холбоонд нэгдсэнээр иргэдийг визгүй зорчуулах, терроризмтой тэмцэх, эрчим хүч, худалдааны харилцаагаа нэмэгдүүлэх хүсэлтэй аж. Гэвч Европын холбоо дүрвэгсдийн урсгал, терроризм, исламын шашны тулгуур үзэл зэрэг шалтгаанаар Туркээс болгоомжилж буй.
Европын холбоонд 30 шахам улс харьяалагдаж байгаа ч Их Британи улс гарахаар шийдэж, яриа хэлэлцээ эхлүүлсэн билээ. Их Британи Европын холбооноос гарах болсноор бүлгийн задрал эхэллээ гэж үзэх ажиглагчид ч байгаа юм.
Б.ТУЯА