Монгол Улсын Засгийн газраас 1999, 2005, 2014 онуудад Жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийн эрхзүйн таатай орчинг бүрдүүлэх, санхүүгийн дэмжлэгийн эх үүсвэрийг сайжруулах, иргэдийн хувиараа бизнес эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг шат дараалан хийж ирсэн.
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих /2014-2016/ хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа дуусаж ХХААХҮЯ-аас шинэчилсэн төслийг боловсруулж эхлээд байна. Энэхүү Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлгийг нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран энэ сарын 25-ны өдөр нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, нийслэлийн есөн дүүргийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, мэргэжлийн холбоод, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг хамруулан Хангарди ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нээж үг хэллээ. Тэрбээр “Нийслэлд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг төлөөлөн тэдний тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцэн, үйлдвэрлэгчдээ сонсох, тэдний оролцоог хангаж өгч байгаагаараа хэлэлцүүлгийн онцлог” хэмээн дурдлаа.
Хэлэлцүүлэгт 40 гаруй төлөөлөл оролцож санал солилцон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцлээ. Мөн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр 2017-2020 өөрийн саналаа тусган оруулах хүсэлтэй ААН, иргэд та бүхэн Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газарт хандан хүргүүлэх боломжтойг дуулгах байна гэж нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газраас мэдээллээ.