Залуучуудыг миний эсрэг хөдөлгөнө гэсэн

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Залуучуудыг миний эсрэг хөдөлгөнө гэсэн

У.Хүрэлсүх залуучуудын байгууллагыг миний эсрэг хөдөлгөнө гэсэн


УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас цөөн асуултад хариулт авлаа.

-Та бүхэн намынхаа удирдлагуудад хандан ил захидал бичсэн байгаа. Үүнээс болж, танай намын бүлгийн хурал дээр нэлээд асуудал үүсэх шиг боллоо?

-Ер нь өнөөдрийн намын нөхцөл байдал, улс орны байдлыг харахад ийм ил захидал бичих шаардлага байсан. Тийм учраас бидний хэдэн гишүүд Ерөнхий сайдад хоёр асуулга, гурван санал бүхий ил захидал бичсэн. Намын дотоод эв нэгдлийг хамгаалж, намын хагарлыг аль болох эвлэрүүлэх чиглэлээр ярья. Хоёрдугаарт, улс орны ирээдүйтэй холбоотой Оюутолгойн гэрээг дахин ярья, Монгол Улс Ашигт малтмалынхаа хуулийг эргэж харах ёстой юм болов уу гэсэн саналыг хүргүүлсэн. Улс орны өнөөгийн нөхцөл байдлыг мэдэрч, засч залруулаач ээ гэсэн зарчмын асуудлуудыг тавьсан л даа. Магадгүй яагаад заавал бичгээр өгсөн гэж. Миний хувьд МАН-ын их хурал дээр ч гэсэн стандарт бусаар байгуулсан хамтарсан Засгийн газрын асуудлыг эргэж хараач, Ашигт малтмалтай холбоотой асуудлаа хараач, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаа хараач гээд олон удаа ярьсан. Гэвч ярилаа гээд хэрэгжихгүй байгаа учраас энэ асуудлыг албан ёсоор тавьж, өөрсдөд нь анхааруулж, албан ёсны хариу авъя гэж бодсон юм. Тэрнээс биш өөр айхтар ноцтой, хүн уурлаад, ална тална гээд янз янзаар хараагаад, зүхээд  байх асуудал биш шүү дээ. Энэ асуудлыг ямар нэг байдлаар улс төрийн өнцгөөс харж, ийш тийш нь болгох гээд байж болохгүй.  Ямар ч үед, ямар ч Засгийн газар байсан хамаагүй, Н.Энхбаяр, С.Баяр, Сү.Батболд аль ч Ерөнхий сайд байсан хамаагүй. Би ямар ч үед улс орны эрх ашигтай холбоотой асуудал дээр намын бус өөрийнхөө байр суурийг л илэрхийлнэ. Хэн нэгэн намын, эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн талд би ярьдаггүй. Намайг Ерөнхий сайдад бичиг өгдөг энэ тэр гээд янз янзаар яриад л байдаг. Бичиг өгөхдөө гол нь биш, үнэхээр болохгүй байгаа зүйлийг шударга үнэнээр хэлж байгаа хэрэг шүү дээ. Үүнийхээ төлөө янз янзаар доромжлуулж, загнуулж байх нь утгагүй. Ямар 10 жилийн хүүхдүүд бие биенийгээ айлгаж байгаа биш. Тэгээд загнаж, зандраад байх хэрэгүй. Ухаан санаагаа уралдуулж, бодлогоо уралдуулж ажиллана гэхээс биш нударгаар асуудлыг шийддэг цаг өнгөрсөн шүү дээ.

-У.Хүрэлсүх дарга “ална шулна” гэсэн юм биш үү, та бас гарч явахдаа хууль хяналтын байгууллагад хандана гэж байгаа харагдсан. Үнэхээр хууль, хяналтын байгууллагад хандах бодолтой байна уу?

-Бидний хооронд ална тална гэж хэрэлдэх, уралдах зүйл зөндөө л гардаг. Зүгээр намайг ална тална гэж олон удаа хэлсэн болохоор би хууль, хяналтын байгууллагад хандана гэсэн. Хууль хяналтын байгууллагад би тэр болгон хандаад байдаг хүн биш л дээ. Зөндөө л хэрэлдэж байсан. Би ч өөрөө бас хатуу үг хэлчихдэг хүн шүү дээ. Гэтэл залуучуудын байгууллагыг чиний эсрэг хөдөлгөнө өө гэдэг үг надад их аймшигтай тусч, сэтгэл эмзэглүүлсэн. Залуучуудын байгууллага урд өмнө нь яаж байлаа, одоо хэний хүсэл зоригоор хөдөлж байгаа билээ. Бүхэл бүтэн залуучуудын байгууллагыг миний эсрэг хөдөлгөнө гэж байгаа тохиолдолд би өөрийнхөө аюулгүй байдлыг хангахгүй бол хэцүү шүү дээ. Сая АНУ-д ямар үйл явдал болов. У.Хүрэлсүх тэгж бодоогүй байж болно. Гэтэл наад талд нь залуучууд сэтгэлийн хөдлөлөөр хандаад, яаж ч магадгүй шүү дээ. Тухайлбал, өчигдөр зарим сайт дээр “Урвасан хулгай Тэрбишдагвагийг урай хийгээд дарна аа” гэж байгаа байхгүй юу. Хэн бичүүлээд байгаа юм, хэнээс ирсэн юм бэ. Би айж байна. Манай гэр бүлийнхэн ч бас үүнд их эмзэглэж байгаа. Тийм учраас би Монгол Улсын Их хурлын гишүүний хувьд тодорхой асуудал хөндөнө. Би ийм эрхтэй гэж бодож байгаа. Түүнээс гадна бүлгийн хурал дээр МАН-ын Ёс зүйн хорооны дарга гэнэ үү, Цагаанхүү гэж нөхөр ирчихээд энд тэндээс чангаагаад л, зодчих гээд л, дайраад л чи юу юм энэ тэр гэж байна. Би бол УИХ-ын гишүүн хүн. Гэтэл УИХ-ын бүтцийн байгууллага, намын бүлгийн хурал дээр, намын ёс зүйн юм уу, хяналтын хорооны хурал биш шүү. Тийм хурал дээр тэр нөхөр хүрж ирчихээд намайг “чи хэн юм” гэж байгаа болохоор би энэ асуудлаар ханддаг газарт нь хандана гэж бодож байгаа. УИХ-ын гишүүд хоорондоо маргалдаж, бие биенээ чангааж байсан бол өөр хэрэг. Гэтэл хаа хамаагүй нөхөр орж ирчихээд хүнийг доромжилж байна гэдэг их ёс зүйгүй асуудал л даа. Дээрээс нь залуучуудыг хөдөлгөнө гэдэг үг надад үнэхээр цочрол төрүүлсэн.

-Таныг ашиг сонирхлын зөрчилтэй байгаа болохоор ийм асуудал ярьж яваа гэх юм?

-Ашиг сонирхлын зөрчил байна гэж ярьж байна лээ. Намайг сайд болно энэ тэр гэж уурлаж байна гээд. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн “стандарт бус” хамтарсан Засгийн газар хадаг бариад ирсэн ч би сайд болохгүй гээд аль дээр үед хэлчихсэн. Тийм байхад намайг хардаж байгаа. Байнгын хороон дарга болгосонгүй гэлээ энэ тэр гэж байна лээ. Би байнгын хороон даргад нэр дэвшээгүй. Ер нь байнгын хороон дарга нарыг шалгуур үзүүлэлтээр нь анхааралтай хандах ёстой, яагаад өрсөлдүүлж болдоггүй юм гэсэн асуудал тавьсан. Түүнээс биш надад авсан албан тушаал хангалттай. Би дөрвөн Засгийн газарт сайд байсан, хоёр удаа УИХ-ын гишүүн болсон. Надад албан тушаал биш, Монголын язгуур эрх ашиг, Монгол Улсын хөгжил хэрэгтэй байна. Энэ намын чинь болохгүй байна. Улсын хөгжил, ашигт малтмал энэ тэр чинь болохгүй байна гэж ярьж байхад ингэж гуйвуулж байгаа нь тун ёс зүйгүй асуудал. Тиймээс би дахиад ч хэлнэ. Монгол Улсын язгуур эрх ашигтай холбоотой асуудлын төлөө би хэний ч өмнө хэлэх үгээ шударгаар, зарчимчаар, үнэнчээр хэлнэ. 

Л.ЭНХДЭЛГЭР


Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж