-“Хүний хөгжил сан”-д 21 мянган төгрөгийн санхүүжилт орж ирсэн үү?
-Сангийн яаманд 21 мянган төгрөгийн санхүүжилт хүссэн захиалгаа өгсний дагуу аймаг, дүүргүүдийн төрийн санд энэ мөнгө байршсан байгаа. Харин өчигдрөөс эхлэн бүх аймаг, дүүргийн холбогдох арилжааны банкууд төрийн сангаасаа мөнгөө татаж эхлээд байна. Өнөөдрөөс эхлэн энэ мөнгийг олгож эхэлнэ.
-Энэ сарын санхүүжилтэд нийт хэдэн төгрөг шаардлагатай байгаа вэ?
-Нийт төсөвлөсөн 720 тэрбум төгрөгийн санхүүжилт байгаа. Үүнийгээ сар сард нь хуваагаад төрийн санд байршуулна. Ингэхээр нэг сарын санхүүжилт 60 орчим тэрбум төгрөг байх юм.
-Одоогоор энэ мөнгийг хэчнээн хүн авах боломжтой байна вэ?
-Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, 10 мянган төгрөгөө авсан иргэд одоо залгуулаад 21 мянган төгрөгөө авах эрхтэй. Ямар нэгэн илүү бичиг баримт шаардлагагүй. Урьд нь 10 мянган төгрөгөө хэрхэн авч байсан түүний адилаар л авах юм. Одоогоор 21 мянган төгрөгөө авах эрх нь үүссэн хоёр сая 200 мянган хүн байна.
-Энэ мөнгөө харьяа хорооноосоо авах уу. Эсвэл онлайнаар авах боломжтой юу?
-Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, арилжааны банкууд, төрийн сан нийлээд гурвалсан гэрээ байгуулдаг юм. Гэрээг сангийн Сайд баталдаг. Тус гэрээний журмын дагуу тендер зарлаж, тендерт ялсан гурван банк байдаг. ХААН, Хадгаламж, Капитал банкаар энэхүү мөнгийг олгож байгаа. Тухайн мөнгө тарааж байгаа банкууд хэрхэн мөнгөө тараахаа шийднэ. Ер нь бол Хадгаламж банкнаас бусад нь онлайн сүлжээнд холбогдсон байгаа.
Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас ийм мэдээлэл өгсөн юм. Харин бид Сүхбаатар дүүрэгт байрлах ХААН банкны “Зуун айл” тооцооны төвөөр орж хэзээнээс 21 мянган төгрөгөө тараах тухай асуухад “Маргааш энэ мөнгийг тарааж эхэлнэ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-наас эхлэн халамж болон эх орны хишиг хувийг олгох гүйлгээг офлайнаар хийх болсон. Тиймээс манай төвөөр зөвхөн Сүхбаатар дүүргийн 10 хорооний иргэд хишиг хувиа авна. Иргэдийн хувьд өөрийн харьяа хорооноосоо мөнгө авах хэрэгтэй” гэсэн мэдээлэл өгч байлаа.
Зохиогчийн эрх: