“Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв”-ийн тэргүүн Х.Оюунцэцэг, долоодугаар сарын 1-ний хохирогчдын холбооны тэргүүн Ц.Энхбаяр нар өнөөдөр /2017.07.25/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэд “2008 оны долдугаар сарын 1-ний үймээний хэргийг үүрсэн Ч.Амарболдыг БНХАУ-ын Эрээн хотод консулаар томилох шийдвэрийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил гаргасан тухай баттай мэдээллийг бид авлаа. Энэ хууль бус томилгоог зогсоох ёстой. Ч.Амарболд нь Ерөнхий сайд асан С.Баяр, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Р.Болд нарын долдугаар сарын 1-ний үймээний хэргийг үүрсэн учраас шагнал болгож, Эрээн хотод суух консулаар томилох болж байгаа юм уу. Энэ асуудлыг Ерөнхийлөгч анхааралдаа авч, томилгоог зогсоох ёстой” хэмээн мэдэгдлээ.
Эл томилгоог эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд мөн шаардлага хүргүүлж буй юм байна.
Г.ХОРОЛ