Цэцэрлэгийн элсэлт явагдсаны дараагаар хүүхдээ бүртгүүлж чадаагүй эцэг, эхчүүд гомдолтой үлддэг. Цахим элсэлтийг нэвтрүүлснээр хүүхдүүдийг санамсаргүй түүврийн аргаар сонгох учраас шударга бус байдалтай холбоотой өргөдөл, гомдол гарахгүй байх гэдгийг албаныхан хэллээ.
Хоёр настай 35 мянган хүүхдээс 12 мянга орчим хүүхэд нь цэцэрлэгт хамрагдах боломжтой
Нийслэлийн хэмжээнд хоёр настай 35 мянган хүүхэд байгаагаас 11-12 мянга орчим хүүхэд нь цэцэрлэгт хамрагдах боломжтой. Өнөөдөр нийслэл хотод цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдье гэвэл 240 хүүхдийн хүчин чадалтай 160 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулах шаардлагатай гэсэн судалгаа байдаг байна.
Энэ жилийн хичээлийн жилд нийслэлийн болон улсын төсвөөр 13 цэцэрлэг шинээр ашиглалтад орох гэнэ. Мөн улсын төсвийн концессоор бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж байгаагаас энэ жил нийт 30 байршлаас 15 нь үйл ажиллагаагаа эхлээд, ирэх намар ашиглалтад орохоор ажиллаж байна. Үлдсэн 15 байршил нь газрын асуудлаа шийдвэрлэх шатанд байгаа гэдгийг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэллээ.
Хувийн 36 цэцэрлэгт тусгай зөвшөөрлийг олгосон байна
Харин төрийн бус өмчийн цэцэрлэгүүд нийслэлийн Боловсролын газраас тусгай зөвшөөрөл авахаар хүсэлтээ өгсөн байгаа. Энэ жилийн хувьд нийт 60 гаруй иргэд, аж ахуй нэгж тусгай зөвшөөрөл авах хүсэлтийн ирүүлж, 36 төрийн бус өмчийн цэцэрлэг байгуулагдахаар тусгай зөвшөөрлийг олгосон байна. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролд хамруулах хүчин чадлыг өнгөрсөн жилтэй харьцуулбал 6-7 мянгаар нэмэгдэнэ гэсэн тооцоотой байгаа ажээ.
2015 оны 9 дүгээр сараас хойш төрсөн хүүхдүүд бүртгүүлж болно
Мөн энэ үеэр 2015 оны 9 дүгээр сараас хойш төрсөн хүүхдүүд цахим бүртгэлд бүртгүүлээд, сонгогдсон тохиолдолд төрсөн өдрийнхөө дараагаар цэцэрлэгтээ явж болно. Орон тоо нь бол хадгалагдаж байна гэсэн үг. Энэ удаа цахим бүртгэлийг улсын, нийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгуулж байгаа. Тиймээс дараа жилээс бүх насны бүртгэлийг цахим системээр бүртгэх ажлыг зохион байгуулах талаар мэргэжилтнүүд ярилаа.
А.Сүрэн
Гэрэл зургийг Э.Энхбат