-Өөр хоорондоо өс зангидсан гишүүдтэй нам дотооддоо шинэчлэл хийж чаддаггүйг Монголын төдийгүй гадаадын олон, олон улс төрийн нам харуулсан-
Эрх баригчдын дотоод зөрчил хурцадсаар Тусгаар тогтнолын ордныхоо гадаа 24 цагаар жижүүрлэдэг суулт зарлагсадтай болов.
Сонгуулийн ялагдалтайгаа эвлэрч чадаагүй залуус гудамжинд гарсан нь энэ. Туг далбаа намируулан Төрийн ордныг гороолж, УИХ, Засгийн газрыг огцрохыг шаардах нь дутаж байна. Байдал энэ янзаар үргэлжилбэл хичээлийн шинэ жилтэй зэрэгцүүлэн жагсаал, цуглаан хийхийг ч үгүйсгэх аргагүй.
Уг нь Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь хариуцлагаа хүлээж, намын даргаас чөлөөлөгдөхөө наадмын өмнө болсон Удирдах зөвлөлийн хуралдаанаараа мэдэгдсэн байдаг. Ирэх есдүгээр сард Бага хурлаа ч товлосон. Гэвч залуус нь хүлээж эс тэвчив. Дор бүрнээ дараагийн намын дарга, хоёр дахь УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүний нэр халаасалчихсан, давхилдаж байна.
Ардчилсан намынхан эрх барьсан 2012-2016 онд яг л ингэж аашилдаг байсан.
Байгаа эрх мэдлээ голно. Байсхийгээд Засгийн газраа огцруулах хөдөлгөөнийг нам дотроо өрнүүлнэ. Хүний хүмүүстэй ч үгсэж, өөрсдийн хүмүүсээ намнана. Есөн шидийн л арга хэрэглэсэн дээ. Эцэс сүүлдээ Засгийн газраараа туг тахиж санаа амарсан юмдаг.
Ард түмнээс олгосон итгэл, эрх мэдлийг улс орноо хөгжүүлэх зорилгод бус зөвхөн фракц, бүлэглэлийн эрх ашигт нийцүүлж ажиллахад чиглүүлсэн.
Хууль дээдлэх зарчим алдагдаж, хувийн амбицаар асуудлыг шийддэг тогтолцоотой болсон. Эцэс сүүлд нь төлөөсийг нь ард түмэн үүрч, даахын аргагүй их өр, алдагдал өндөртэй төсөвтэй л хоцорсон.
Ингэж энэ нам эрх баригч суудлаас сөрөг хүчний суудалд шилжсэн түүхтэй.
Харамсалтай нь, эрх баригч хүчин дээрх талцлаас сургамж аваагүй бололтой. Эрх мэдэлд хүрсэн цагаас нь сануулсаар атал Ардчилсан намын алдааг давтаж байна.
Хариуцлага нэрийн дор хоёрдугаар ээлжийнхэн нь хоолондоо орохоор дайсагналцах болов.
Улс орны эрх ашгийг тэргүүнд тавьж, эв нэгдлийг чухалчлах амлалт хөсөр хаягдав.
Ялагдлын шокноосоо болоод УИХ-ын сонгуулийн амлалтаа умартсан байж гэж бодъё, сарын өмнөх дэвшүүлж байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн уриалгаа мартаж болно гэж үү.
УИХ-д 65 суудалтай улс төрийн ууган хүчинд сонгуулийн ялагдлын шокыг даагаад гарах ухаан байх ёстой биш үү.
Энэ ялагдал Ардын намынхны хувьд эхнийх биш бас эцсийнх ч биш. Улс төрийн намд сонгуульд ялагдах байдаг л үзэгдэл. Гэлээ гэхдээ эргээд уулзах нүүргүй болтлоо дайсагналцаж болно гэж үү.
Эрх баригч хүчин гэдгээ бүү март. Ард түмний 2016 оны УИХ-ын сонгуулиар олгосон үнэмлэхүй ялалтыг дайсагналцлаар бүү эвд.
Өөр хоорондоо өс зангидсан гишүүдтэй нам дотооддоо шинэчлэл хийж чаддаггүйг Монголын төдийгүй гадаадын олон, олон улс төрийн нам харуулсан.
Эрх мэдлийн тулаанаа хойш тавиад хариуцлагатай болохын төлөө, эв нэгдэлтэй байхын төлөө дотоод хүчээ нэгтгээд ажилла.
Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, ард түмний хүсэл эрмэлзэл эв нэгдэл шаардаж байна.
Г.ХОРОЛ