‘Цэцэрлэгийн онлайн бүртгэл’-ийн талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газар болон нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр /2017.07.25/ мэдээлэл хийлээ.
Өчигдөр шөнийн 00:00 цагаас эхлэн бүртгэсэн цэцэрлэгийн онлайн бүртгэлд өнөөдрийн 11:30 цагийн байдлаар 5374 хүүхдийг бүртгэж баталгаажуулаад байгаа ажээ.
Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ч.Гантулга мэдээлэл өгөхдөө “Цэцэрлэгийн цахим бүртгэлийг зохион байгуулах ажлын хэсэг өнгөрөгч дөрөвдүгээр сард байгуулагдаж, үүний үр дүнд өчигдөр шөнийн 00:00 цагаас эхлэн 5000 гаруй хүүхдийг бүртгээд байна. Энэхүү бүртгэл нь ирэх наймдугаар сарын 25-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд явагдах юм. Цэцэрлэгийн цахим бүртгэл, цахим элсэлт гэсэн хоёр үйл ажиллагаа явагдана. Цахим бүртгэлийн явц энэ сарын 25-наас эхлэн ирэх сарын 25-ны өдрийг хүртэл зохион байгуулж, хоёр настай хүүхдээ бүртгүүлэх боломжтой.
Харин 3-5 насны хүүхдүүд болон зорилтот бүлгийн хүүхдүүд уламжлалт аргаараа цэцэрлэг дээрээ бүртгэлээ хийлгэнэ. Цахим хэлбэрээр хүүхдээ бүртгүүлэх боломжгүй иргэд байвал наймдугаар сарын 10-наас цэцэрлэгүүдэд цахим бүртгэл хийж өгөх туслах арга зүйч эцэг, эхчүүдэд туслаж ажиллана” гэсэн юм.
Мөн өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны 145917 хүүхэд байгаагаас төрийн өмчийн 216 цэцэрлэгт 77706, төрийн бус өмчийн 407 цэцэрлэгт 27379, нийт 623 цэцэрлэгт 105085 хүүхэд хамрагдаж, хамран сургалт 72 хувьд хүрсэн. Энэ жил өнгөрсөн жилийнхээс хүүхдийн тоо 12185, хамран сургалтын хувь 3.7 хувиар нэмэгдсэн дүнтэй байгаа талаар дурдав.
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 1354 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 46 хувь буюу 623 нь нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа аж.
А.Сүрэн
Гэрэл зургийг Э.Энхбат