Б.Бат-Эрдэнэ: Байдал үнэхээр ноцтой байна

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Б.Бат-Эрдэнэ: Байдал үнэхээр ноцтой байна

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Та бүхний намынхаа удирд­ла­гуу­дад хандан бичсэн ил за­хидал анхаарлын төвд байна. Хэдийгээр намынхаа эв нэгдлийг хангахын тө­лөө уг захидлыг бичсэн гэж байгаа боловч асуудал эс­рэгээрээ эргэчихэж байгаа юм биш үү. Үндсэндээ МАН гэдэг нам хуваагдах зам нь засарчихлаа гэж харж байна?

-Энэ чинь үйл ажиллагаатай л холбоотой асуудал шүү дээ. Бид намаа хагалан бутаргах гээд байгаа юм биш. Ямар нэгэн ан цав, хагарал гарч болохгүй. Үүнийг ойлголцол, зөвшилцлийн зарчмаар шийдэж, эв нэгдлээ бэхжүүлэх арга хэмжээг авах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ алхмуудыг шат дараатай авч, хийгээч гэсэн байр сууринаас хандаж, намын удирдлагуудад ил захидал бичсэн.

-Өнгөрсөн даваа гарагийн бүлгийн хуралдааны үеэр на­мын Ерөнхий нарийн бич­гийн дарга У.Хүрэлсүх, ги­шүүн Д.Тэрбишдагва нарын хооронд үл ойлголцол үүссэн. Энэ талаар сонсов уу?

-Яг сонссон юм алга байна. Хэвлэл мэдээллээс үзлээ. Би Хэнтийгээс өглөө ирсэн.

-Ер нь У.Хүрэлсүх даргын үйлдлийг хэрхэн харж байна вэ?

-Би тэр үед байхгүй байсан. Тийм болохоор тэгсэн ингэсэн гэж хэлэх боломж алга. Мэдэх­гүй байна.

-Намын удирдлагууддаа хан­­даж ил захидал бичсэ­нийг бодоход одоогийн удирд­­­­ла­гуу­дад сэтгэл дун­дуур байгаа бололтой. Тэгж ойл­гож болох уу?

-Бид маш хариуцлагатай цаг үед ирээд байна. Бид бие биенийгээ ойлголцож ажил­лах ёстой. Сонгуулийн өм­нөх жил эхэллээ. Мөрийн хөтөл­бөр, амлалт энэ тэрээ хэ­рэг­жүү­лэх хамгийн чухал жил. 2012 он бол улс төрийн сонгуулийн жил. Тиймээс улс төрийн намын хувьд маш идэвхтэй, эв нэгдэлтэй, хүчин чармайлт гаргаж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бүрэн хэ­рэг­жүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчилж ажил­лах ёстой. Ирэх сонгуульд дэв­шүү­лэх мөрийн хөтөлбөр, улс орны өмнө хүлээгдэж байгаа томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхүйц мөрийн хөтөл­бө­­рийг дэвшүүлж, сонгуульд ам­жилт гаргах шаардлагатай бай­на.

-Танай нам нэрээ өөр­чилс­нөөс хойш МАН хоёр хуваагдах нь гэх болгоомжлол олон нийтийн дунд байлаа. Гэтэл та бүхний ил захидлаас харахад хагарал, бутарлын асуудал бүр хурцадчихсан юм биш үү?

-Нэг их айхтар тараад бутар­чихсан юм байхгүй. Хамгийн гол нь нөхцөл байдлыг зөв үнэ­лээд, зөв гарцыг нь олоод ажил­лах ёстой.

-МАН эв нэгдэлтэй гэдгээ­рээ гайхуулдаг байсан. Гэтэл өн­гөрсөн хугацаанд өрнөсөн үйл явцаас харахад танай эв нэгдэл алдагдчихсан юм биш үү, нөгөөтэйгүүр өөр үзэл бодолтой нэгнээ хав­чиж, да­рамтлах бодлого удирд­ла­гууд чинь явуулж байгаа бололтой. Магадгүй та бүхэн ил захидал бичсэнийхээ тө­лөө тийм дарамтад орох вий дээ?

-Дарамт шахалт ирж байгаа юм юу байх вэ дээ, тийм зүйл алга. Би Хэнтий аймагт томи­лолтоор явж байгаад ирсэн. Ерөн­хийдөө гаднаасаа нэг их эв нэгдэлтэй харагддаг ч юм уу, тийм хуурамч, худлаа байд­лыг бид засах ёстой шүү дээ. Удахгүй 2012 оны сонгууль бо­лох гэж байна. Улс төрийн намууд, улстөрчдийн хувьд хам­гийн хариуцлагатай үе ирж байна. Түүнчлэн 2011 он бол бид ард түмэндээ ам­ла­сан амлалтаа биелүүлж, Зас­гийн газрын мөрийн хөтөл­бөрийг хэрэгжүүлэх гол он болж байгаа. Энэ бүхэнтэй уял­дуу­лаад үзэх юм бол бидний бичсэн  ил захидалд буруу зүйл нэг ч байхгүй гэж үзэж байгаа.

-МАХН гэдэг товчлол ойрын үед үнэд оров болол­той. Гэнэт МАХН гэдэг товч­лолтой 20 гаруй нам бүрт­гэгдсэн байна. Энэ бай­дал эргээд МАН задрах эх үнд­сийг тавьчихав уу гэж ха­рагдаж байна, та ямар байр сууринаас харж байгаа вэ?

-Жижиг юм шиг боловч энэ асуудал чинь явсаар бай­гаад хүндэрч, энэ том нам зад­рах хэмжээнд хүрэхийг үгүйс­гэх­гүй л дээ. Гэхдээ тийм байдалд хүртэл нь хүндрүүлэх хэрэггүй. Тийм нөхцөл байдал үүсч яавч болохгүй. Энэ бол ойлгомжтой асуудал. Ерөнхийдөө хүмүүс асууд­лыг хэтэрхий хэлбэр та­лаас нь яриад байгаа юм болов уу гэж үзэж байгаа. Агуулга талаас нь аваад үзэх юм бол бид нэлээн хариуцлагатай байхгүй бол болохгүй нь. Томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой асуудлыг ид ярьж байна. Энэ хариуцлагатай үед бид асуудлыг нэлээн том агуул­гаар нь авч үзэхгүй бол болохгүй байгаа юм. Оюутол­гой, Тавантолгойн асуудал, да­раа нь стратегийн ач хол­бог­дол бүхий орд газрууд бай­на. Үүнээс гадна 1997 онд батлагдсан Ашигт малтмалын хуулийн цоорхойгоор явагдсан бүхий л булхай энэ тэр чинь хуримтлагдчихаад өнөөдөр ийм асуудал болж байгаа шүү дээ. Тийм учраас энэ бүх асуудлыг нэлээн анхаарах ёстой.

-Ер нь тийм олон нам гэ­нэт бүртгүүлсэн нь ямар учир­тай юм бол. Ерөнхийдөө та­най намын удирдлагуудаас зо­хион байгууллаа гэж зарим хүмүүс харж байгаа?

-Маш цөөхөн хоногийн ху­­га­­цаанд олон нэр улсын бүрт­­гэ­лийн ерөнхий газарт бүрт­­гүүлсэн асуудал байна би­лээ. Магадгүй тэд ажлаа хэт шуурхайлсан байх тал­тай. Гэхдээ энэ бүхэн эцсийн дүн­дээ намын асуудал хэр­хэн хүндэрсэн бэ гэдгийг ха­руулж байна. Нэгдүгээрт, эв нэгдлийн тухай асуудал бай­на, хоёрдугаарт улс орны хөгжлийн гарааг тодорхойлох томоохон ордуудыг эдийн зас­гийн эргэлтэд оруулахтай хол­боотой асуудал байгаа. Бүр цаашлаад манай Ерөнхий сайд С.Батболд нөхөртэй холбоотой асуудал ч байна. Өчнөөн олон жил яригдсан Бороо гоулдтай холбоотой асуудал байгаа шүү дээ. Бороо гоулдын асуудал олон жил яригдсан боловч үүний цаана юу болсныг ард түмэн сайн мэдэж байгаа. Энэ бүхэн чинь цаашдаа ямар үр дүнд хүрэх юм. Үнэхээр зах зээлийн харилцаанд ажилласан дадлага туршлага, мэдлэг чадвараараа хэрэгтэй юм хийх гэж байвал нэг өөр хэрэг. Гэтэл хийж ча­дахгүй, өмнө нь гаргасан ал­даа завхрал, булхайгаараа цаашаа шатлаад яваад байх юм бол энэ улс орон чинь сүйрнэ шүү дээ. Яагаад би үүнийг хэлж байна вэ гэхээр өнөөдөр энэ нөхрийн хариуцаад хийх гэж байгаа асуудал тун ээдрээ, төвөгтэй, үл ойлголцлын бай­далтай байна. Тийм учраас би дахиад энэ асуудлыг тэр Бороо гоулдынх нь асуудалтай холбож яриад байна шүү дээ.

-Үндсэндээ Бороо гоулдыг С.Батболд залгисан, тийм бо­лохоор Тавантолгойг итгэж хүлээлгэн өгч болохгүй гэж үзэж байгаа хэрэг үү?

-Хуучин тогтолцооны үед хайгуулыг нь хийгээд, нөөцийг нь тогтоогоод бүр ТЭЗҮ-ийг нь тогтоогоод ашиглахад бэ­лэн болчихсон байсан 50 тонн алтны нөөц бүхий энэ орд ямар замаар орсон билээ дээ. Бүгд мэдэж байгаа. Гэтэл үүний дараа Тавантолгой асууд­лыг яриад явж байна. Оюу­тол­гой ямар болсныг бид түрүүчээсээ шүүмжилж байгаа. Тавантолгойн ордын тусгай зөв­шөөрлийг нь хадгалж бай­гаад ард түмэн, улс орондоо эр­гүүлээд өгчихсөн юм шиг ойлгогдож байгаа боловч яг цаад талыг нь үзэхээр энд булхайтай, ил тод биш, ойлголц­лын зөрүүтэй асуудал олон бай­на. Тавантолгойн асуудлаар УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэл юу болов. Сүүлийн үед, ялангуяа С.Баярын Засгийн газраас эхлээд УИХ-ын өг­сөн чиглэл, хууль болгоод батал­чихсан тогтоолоос огт өөр 180 хэм эргэсэн байдлаар асуудалд ханддаг моод дэлгэрээд байгаа. Тийм учраас үл итгэх, итгэхгүй байх хэрэгтэй гэсэн бодол яваад байгаа юм. Өнөөдөр жишээ нь сонирхлын зөрчлийн асуудал яригдаад эхэллээ. Энэ асуудал яригдах юм бол дээрх асуудал ч мөн адил яригдах ёстой л гэж би үзэж байгаа.

-Оюутолгойн гэрээг эргэн харах асуудлаар нэр бүхий гишүүд Ерөнхий сайдад асуул­га тавьсан байгаа. Та тэдний байр суурийг дэм­жиж байгаа юу?-Дэмжиж байгаа. Би өмнө нь хэд хэдэн гишүүнтэй хамт­раад энэ Оюутолгой, Айвенхоу майнзтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдад асуул­га тавьчихсан байгаа. Өмнө нь УИХ-аар батлуулсан гол мөрний урсац бүрэлдэх эх, байгаль орч­ныхоо тэнцвэртэй байдлыг хадгалах хамгийн чухал га­зарт хайгуул, ашиглалтын тус­гай зөвшөөрлийг олгохыг зог­соох, өмнө олгогдсон тус­гай зөвшөөрлийг цуцалъя гэсэн үзэл баримтлалтай хууль байна. Энэ хуулийнхаа хэрэг­жил­тийг шаардаж, энэ талаар асуулга тавьсан байгаа. Яг үнэн­дээ С.Баярын Засгийн га­зар Тавантолгойн лицензийг олон хүн хуваагаад авчихсан байсныг улс буцаагаад авчихлаа гэж ярьж байгаа боловч цаана нь юу байгааг хэвлэл мэдээллийнхэн, эрдэмтэн суд­лаа­чид хэлээд байна. Таван­тол­гойн орд газрын нийт нөө­цийнх нь дөрөвхөн хувийг Энержи ресурст өгсөн гэж байгаа боловч нийт коксжих нүүрснийх нь 20 хувийг, эрчим хүчний нүүрсний 18 хувийг нь өгчихсөн байгаа. Нэг үгээр хэлбэл, хамгийн баялаг агуулгатай нөөц, хамаг өрөм цөцгийг нь хамаад өгчихсөн. Хамгийн гол нь хууль бусаар өгчихсөн асуудал байна шүү дээ. Тэгээд амташсан хэрээ 13 дахина гэдэг шиг Тавантолгойн үлдсэн хэсгийг ашиглахад УИХ-аас өгсөн чиглэлийг огт өөрөөр хийсэн асуудал яригдаж байна. Тэгэхээр байдал үнэхээр ноцтой байна. 

Л.ЭНХДЭЛГЭР


Зохиогчийн эрх:
"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж